Сайн уу, муу юу

Б.Энхтулга
2026-11-09

Өнгөрсөн бямба гарагт Хотын дарга Б.Пүрэвдагвад хотын намыг нь авч өгөх албан ёсны ажиллагаа боллоо. Нийт есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгчид нэгэнт зураг нь гарчихсан бага хуралд Б.Пүрэвдагвад алга таших гэж л ирэв. Тэр дунд нь олон ч авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа хүмүүс суугаа харагдсан. Удахгүй алаг цоог биш танхимаараа яллагдагч, сэжигтнүүд суух вий. Намын удирдах зөвлөлөөс 100 хувь дэмжигдсэн Б.Пүрэвдагва бага хурал дээр 97 гаруй хувиар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон. Энэ үйл ажиллагаа бол 2027 оны Ерөнхийлөгчид нийслэл бэлтгэлээ базаах эхлэл юм. Мөнгө бэлтгэх болон дэмжлэг олж авах. Өнөөдрийг болтол улс төрд шат алгасаж орж ирдэг хүмүүс цөөнгүй л байсан. Тэд үсрээд л дэд сайдын суудалд очдог байлаа. Харин мань Б.Пүрэвдагва намын байрнаас гарч үзээгүй байж шууд хотын дарга болсон ёндоотой улс төрч. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлд том хариуцлага үүрэн оролцохоор болж байна. За МАН-ын дотооддоо хэнийгээ дарга болгох эсэх нь над мэт шиг сэтгэгдэл бичдэг хүмүүст ямар ч хамаа байх вэ. Нийслэлийн Засаг дарга талаас нь жаахан мэрээдэхье. Юу ч өөрчлөгдөхгүй байгаа юм чинь.

Сайн уу, муу юу...

Х.Нямбаатарыг ямар шалтгаанаар огцруулсан гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Зарим нэг нь мартсан бол нөөцийн махны үнэ өссөн, нөөцийг хангалттай бүрдүүлээгүй гэх шалтгаанаар Н.Учрал дэнжийн 1000-аас огцруулж байлаа. Х.Нямбаатар муу ажилласан нь үнэн. Гэхдээ Х.Нямбаатар огцроод нөөцийн махны үнэ буугаад, нийслэлийн ажил сайжирсан гэж бодохгүй л байна. Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилж байгаа цагт дараагийнх нь дахиад л зүсээ хувиргасан Х.Нямбаатар байх болно. Хотын иргэд тэр томилж байгаа хүнийг нь хүсэх, хүсэхгүй байх хамаагүй. Тэгэхлээр хуулийн дагуу үүнийг өөрчлөх цаг нь болсон. Үгүй бол бид намын томилгоогоор орж ирж байгаа нөхдүүдийг сайн, мууг нь ялгахгүйгээр дээрээ залуулчхаад дунд чөмгөөрөө жиргэснийх нь дараа хэн гэдгийг нь мэдээд байна. Өмнөх хотын даргаа харж байгаа биз дээ. Улсын олон зуун тэрбум төгрөгийг хууль бусаар хил давуулчхаад Канадаас том том юм яриад сууж байгааг. Хэрвээ нам биш иргэд өөрсдөө хотын даргаа сонгодог байсан бол Х.Нямбаатар лав иргэдийнхээ өмнөөс Засаг дарга нараа дагуулаад жагсахгүй. Олон сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө хуулийн байгууллагаар дарамтлуулахгүй. Хэдэн зуун тэрбумыг дур мэдэж гаднын компани руу шилжүүлэхгүй. Хариуцлага тооцох эрх нь иргэдэд байх учраас тэгэх зориг дутна. Одоо Б.Пүрэвдагва төсөв нь хэдэн их наядаар томорсон нийслэлд очиж суучхаад хуучин хадам аавынхаа захиасаар ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилт босгох ажилдаа орсон гэх. Хүн нь солигдсон ч тэдний хүсэл солигдоогүй ээ. Ижилхэн намдаа болон намыг нь ивээн тэтгэдэг хүмүүст зориулж л ажиллана. Иргэдийн төлөө биш. Нэг асуулт өөрөөсөө асуугаад үзээрэй. Б.Пүрэвдагва хотын даргаар томилогдсоноос хойш хагас жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ гэж. Тоймтой зүйл лав орж ирэхгүй. Харин ч Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөгийг Н.Учралын Засгийн газрын тодотголд шилжүүлж өгсөн. Энэ бол түүний Нийслэлийн Засаг даргаар томилогдсон гол шалтгаануудын нэг. Угаас төсөв нь таван их наяд давсан нийслэлийн мөнгөнд эзэн суух л Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хүсэл байв. Өмнө нь Х.Нямбаатар, Д.Сумъяабазар гэх Л.Оюун-Эрдэнэ гаралтай хоёр хүн хариуцаж яг өнөөгийн Б.Пүрэвдагва нийслэлийн мөнгийг улсын төсөв, урагшаа зөөж байгаа шиг ажиллаж байсан. Тэгэхлээр бид сайн уу, муу юу гэдгийг нь ялгадаг болохын тулд, өлөн амьдралаасаа илүүчилсэн татвараа нэг намын санхүүжилт болгохгүйн тулд хотын даргаа өөрсдийн саналаар сонгодог болох ёстой. Тэгэхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага гарах нь мэдээж. Бүр Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулж магадгүй. Холбооны улс биш болохоор иргэд өөрсдөө сонгох боломжгүй гэдэг хариултыг улс төрчид өгдөг л юм. Дургүйд хүчгүй гэдэг шиг хүсэхгүй байгаа нь тэр. Гаргалгааг нь олоод өөрчлөх дээрээ тулбал бид жил дараалан Үндсэн хуулиа өөрчилдөг төртэй гэдгийг бас мартаж болохгүй. "D-Parliament"-д хотын даргаа хотын иргэд саналаараа сонгодог болох тухай гарын үсэг цуглуулж УИХ-ын анхааралд оруулах боломж бас бий. Х.Нямбаатарыг байх үеийн ийм санал асуулга нэг их дэмжигдээгүй явж байсан болохоос биш. Одоо хүмүүс улс төрийн наадах цаадхыг харьцангуй ойлгодог болсон байх. Хэн, ямар зорилгоор юуг хийж байна вэ гэдгийг. Төрийн дээр гарч суусан МАН намд иргэд биш ирэх хоёр сонгууль л чухал байна даа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe