2026 оны арваннэгдүгээр сарын 8-нд Австралийн Мельбурн хотод зохион байгуулагдсан “IRONMAN 70.3 Melbourne” тэмцээнд Монголын триатлонч Б.Нацаг амжилттай оролцож, барианд орлоо.
Тэрбээр 1.9 км - сэлэлт, 90 км – дугуй, 21.1 км – гүйлтэд оролцож, 6 цаг 02 минут 12 секундыг зарцуулжээ. Монгол Улсаа төлөөлөн олон улсын тавцанд хүч сорьж, хагас IRONMAN-ийн сорилтыг ийн амжилттай даван тууллаа.

Үүнээс гадна Монгол Улсын иргэн, олон улсын шүүгч Б.Мөнгөнтуяа 14 хоногийн зайтай болсон Хонконг, Солонгосын Тонёны Дэлхийн цомын тэмцээнд шүүгчээр амжилттай ажиллалаа. Хөнгөн атлетикийн ОУХМ, Бээжингийн олимпод оролцсон тэрээр триатлоны спортоор мөн олон жил хичээллэж, шүүгчээр ажиллаж ирсэн юм. Б.Мөнгөнтуяагийн хань Х.Одгэрэл өөрөө триатлоны улсын аварга төдийгүй өдгөө триатлонч шавь нараа бэлтгэн гаргаж байгаа билээ.
Ташрамд дурдахад, 2004 оны арванхоёрдугаар сарын 18-нд Монголын триатлоны холбоо спортын сэтгүүлч Б.Цагаанбаатарын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Улмаар 2005 оны гуравдугаар сард МҮОХ-ны гишүүнээр элсжээ. Тус холбоо 2005 оны зургадугаар сард Азийн Триатлоны холбооны гишүүнээр элсэх үедээ нэг ч тамирчингүй байсан бол мөн оны наймдугаар сарын 28-нд Гачууртад болсон Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13-63 насны 46 тамирчин (үүнээс 5 эмэгтэй) оролцож байжээ.
Улмаар УАШТ-ээ Архангай аймгийн Өгийнуур, Хэнтий аймгийн Аварга нуурт тогтмол явуулж, “Инчон-2014” Азийн зуны спортын наадам, “Жакарта, Палембан-2018” Азийн зуны спортын наадам, “Пукет-2014” Азийн элсний спортын наадам, Өсвөр үеийнхний олимпын эрх олгох тэмцээн, тивийн АШТ болон Азийн цомын тэмцээнд тамирчдаа оролцуулж ирсэн байна. Өдгөө манай тамирчид “Лос Анжелес-2028” олимпын наадмын бэлтгэл ажилдаа оржээ.

Сэтгэгдэл үлдээх