ОХУ-ын төрийн бодлогыг шүүмжилж, авлига, хүний эрхийн зөрчлийг эрэн сурвалжилдаг хараат бус “Новая газета” сонин 2026 оны арваннэгдүгээр сарын 9-нд үйл ажиллагаагаа зогсоож, Москва хотын төвд байрлах редакцаа орхилоо.
Тус сонин 1993 онд байгуулагдсан бөгөөд Оросын хамгийн нөлөө бүхий хараат бус хэвлэлүүдийн нэг байв. Сүүлийн жилүүдэд эрх баригчдын зүгээс үзүүлэх дарамт нэмэгдэж, хэвлэн нийтлэх зөвшөөрлийг нь цуцалж, цахим хуудсыг нь хааж, санхүүжилтийн эх үүсвэрийг нь хязгаарласан гэж редакц мэдэгджээ. Reuters агентлагийн мэдээлснээр, сонины редакц аравдугаар сарын 30-нд үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоохоо зарлаж, арваннэгдүгээр сарын 9-нд байраа чөлөөлөхөөр болсон байна.
Нобелийн энх тайвны шагналт сэтгүүлчийн байгуулсан сонин
“Новая газета” сониныг ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачёвын дэмжлэгтэйгээр 1993 онд байгуулжээ. Горбачёв Нобелийн энх тайвны шагналынхаа мөнгөнөөс тус сонины үйл ажиллагааг дэмжиж байсан юм. Тус сониныг үүсгэн байгуулагч, ерөнхий редактор асан Дмитрий Муратов 2021 онд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад оруулсан хувь нэмрээрээ Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.
Сонин Оросын төрийн авлига, Чеченийн дайн, хүний эрхийн зөрчил болон улс төрийн үйл явдлуудыг эрэн сурвалжилж, шүүмжлэлтэй нийтэлдгээрээ алдартай байв.Өнгөрсөн хугацаанд тус хэвлэлтэй холбоотой зургаан сэтгүүлч, ажилтан бусдын гарт амиа алдсан. Тэдний нэг нь 2006 онд Москва хотод алагдсан эрэн сурвалжлах сэтгүүлч Анна Политковская юм.
Украинд дайн эхэлснээс хойш дарамт эрчимжжээ
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсний дараа дайны талаарх мэдээлэлд тавих хяналтаа чангатгасан.Үүний улмаас “Новая газета” хэвлэмэл сониноо гаргахаа зогсоосон ч цахимаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байв.Харин 2026 онд тус сониныг Оросын Хууль зүйн яамнаас “гадаадын агент” гэж бүртгэж, уншигчдын хандивыг банкнуудаар дамжуулан авах боломжгүй болгосон байна. Улмаар Москва дахь редакцын байраа чөлөөлөх шаардлага тавьжээ. Редакцын удирдлагууд эдгээр арга хэмжээ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэж мэдэгдсэн юм.
“Бид эргэж ирнэ” хэмээн редактор нь мэдэгдэв
Арваннэгдүгээр сарын 9-нд редакцын сэтгүүлчид сүүлчийн хурлаа хийж, олон жил ажилласан байрнаасаа гарчээ. Редакцын гадаа цугласан уншигчид, дэмжигчид сэтгүүлчдийг алга ташин үдэж, байрны гаднах хаягийг “Энд Новая газета амьдарч байлаа” гэсэн бичгээр сольсон байна.
Ерөнхий редактор Сергей Соколов редакцын ажилтнууд болон уншигчдадаа талархал илэрхийлж, “Новая газета” бол зөвхөн цахим хуудас бус, тэнд ажиллаж буй хүмүүсийн үзэл санаа, амьдралын зорилго учраас түүнийг хаах боломжгүй хэмээн мэдэгджээ.Тэрбээр нөхцөл байдал өөрчлөгдвөл сонин дахин эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Кремль: Энэ бол хэвлэл мэдээллийн салбарын ердийн үйл явц
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков арваннэгдүгээр сарын 9-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Новая газета”-гийн хаагдлыг Оросын хараат бус хэвлэлийн эрин үе дуусаж буйтай холбон тайлбарлах нь буруу гэж мэдэгджээ.Түүний хэлснээр, зарим хэвлэл үйл ажиллагаагаа зогсоож, оронд нь шинэ хэвлэлүүд бий болдог нь хэвлэл мэдээллийн салбарын ердийн үйл явц аж.Ийнхүү Кремль тус сонины хаагдлыг төрийн дарамт шахалтын үр дүн гэж үзэж буй редакцын тайлбараас өөр байр суурь илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх