Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сард 13.4 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс давлаа. Шатахууны үнийн өсөлт тээвэр, үйлдвэрлэл, худалдааны өртгийг нэмэгдүүлж буй энэ үед иргэдэд дахин их хэмжээний бэлэн мөнгө тараах шийдвэр гаргавал инфляц улам эрчимжих эрсдэлтэйг эдийн засагч Н.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа оруулжээ.
Иймээс УИХ-ын гишүүд минь иргэдийн амыг, хүсэлтийг дагуулж их хэмжээний бэлэн мөнгө тарааж өгье, ард иргэдийг жаргаая гэсэн гэнэн мөрөөдлөөсөө татгалзах хэрэгтэй. УИХ-аас одоо баталж байгаа ирэх 2027 оны төсөвт цалин, тэтгэвэрийн нэмэгдэл хэлбэрээр 3.7 их наяд төгрөгийг аль хэдийн нэмэгдүүлэн баталж байгаа шүү гэдгийг анхааруулья.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц долдугаар сард 13 хувь, наймдугаар сард 12.4 хувь, есдүгээр сард 12.9 хувь байсан бол аравдугаар сард 13.4 хувь болж өссөн байна.

Шатахууны үнийн өсөлт инфляцад хүчтэй нөлөөлж байна. Аравдугаар сард тээврийн бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өссөн бол хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 19.8 хувиар нэмэгджээ. Улсын инфляцын 5.4 нэгж хувийг хүнсний бүлэг, 2.8 нэгж хувийг тээврийн бүлгийн үнийн өсөлт бүрдүүлсэн байна.
Ес, аравдугаар сард өссөн бензин, дизель түлшний үнэ үйлдвэрлэгчдийн тээвэрлэлт, түгээлт, үйлдвэрлэлийн зардалд шингэж, цаашид хүнсний бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнэд нөлөөлөх эрсдэлтэй байна. Нөгөө талаас 2027 оны төсвөөр төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг төлөвлөсөн талаар Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтэд дурджээ. Төсвийн нийт зарлагын 77.5 хувь нь урсгал зардал байхаар ирэх оны төсвийг төлөвлөөд буй.
Үүн дээр дахин 3 их наяд төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараах санал хэрэгжвэл хэрэглээний эрэлт нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт богино хугацаанд өсөхгүй нөхцөлд үнийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй. Инфляц хоёр оронтой тоонд хүрсэн өнөөгийн нөхцөлд төсвийн мөнгөн тэлэлт, шатахууны үнийн өсөлт давхацвал иргэдийн бодит орлого, худалдан авах чадварт үзүүлэх дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.
Сэтгэгдэл үлдээх