Эмэгтэйчүүд бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээ хийжээ

.Graph
2026-11-11

Албан бус секторт ажиллаж буй эмэгтэйчүүдэд тулгарч буй гол бэрхшээлийн нэг нь нийгмийн даатгал, татварын зохицуулалт байдаг нь үйл ажиллагаагаа албан ёсны болгоход хамгийн том тээг болдгийг мэдэх үү. Улмаар орлого нь хэлбэлздэг эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь нэлээд хүндрэл дагуулдаг байна. 

Мөн бичил бизнес, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, санхүүжилт авахад барьцаа хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь том хүндрэл юм. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны зохицуулалт бодит амьдралд хэр нийцэж байгааг “Эмэгтэй удирдагч” сан, “Талын сарнай” ТББ-тай хамтран судалснаар дээрх үр дүн гарчээ.

Судалгааны хамтарсан баг урьдчилсан тайланг танилцуулж, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг мөн зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөлөл, бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэйчүүд болон холбогдох талуудыг хамруулсан байна. Улмаар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг судалгаа, дүн шинжилгээний ажилдаа тусган, урьдчилсан үр дүнг сайжруулж, эцсийн тайланг ХЭҮК-т хүлээлгэн өгөх нь. 

Ингэснээр комисс судалгааны үр дүн, дүн шинжилгээнд үндэслэн албан бус секторт аж ахуй эрхэлж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон аж ахуй эрхлэх эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг ирэх оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусган, холбогдох бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр анхаарч ажиллах юм.

Судалгааны хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын болон татварын холбогдох хууль тогтоомж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW), Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох зөвлөмж, олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг харьцуулан судалж, эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоонд дүн шинжилгээ хийжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe