Шүүгдэгч "Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох Урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Шүүх хурлын даргалагч шүүгчээр Д.Шинэхүү, улсын яллагчаад Г.Онон оролцож байна.
Цагдаагийн ерөнхий газраас Интерполын үндэсний төв товчоонд хандаж, Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг эрэн сурвалжлах хөх булангаар зарлуулсан байна. Улмаар Интерполын үндэсний төв товчооноос хариу ирүүлжээ. Улсын яллагдагч Г.Онон энэ талаар “Интерполын үндэсний төв товчооноос хариу өгсөн. Уг хариунд Б.Анхтуяа нь Америкт байгаа, АНУ-аас цагаачлалын асуудлаар, иргэншил хүссэн хүсэлт гаргасан баримтыг ирүүлсэн. Яллах дүгнэлтэд авагдсан шинэ баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргах байх” хэмээн ярьлаа. Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан нь мөрдөх ажиллагааны явцад ил болсон нь түүнийг эрэн сурвалжлах үндэслэл болоод буй.
Харин яллагдагч Т.Даваадалай “Манай өмгөөлөгч Т.Баасанжаргал тулай өвчний улмаас Хөх хот руу явж эмчлүүлэх шаардлагатай. Энэ өмгөөлөгч хэрэг дээр анхнаас нь ажилласан тул миний эрхийг хангаж, гол өмгөөлөгчтэй минь шүүх хуралд оролцуулж өгнө үү. Даваахүү өмгөөлөгчөөс татгалзсан. Д.Оросоо өмгөөлөгч ирээгүй байна. Зааланд одоогоор миний өмгөөлөгч нар ирээгүй байна. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэв. Мөн яллагдагч Н.Билгүүн нь миний өмгөөлөгч С.Оюунцэцэг БНСУ-д эмчилгээтэй тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэв. Яллагдагч нар 2-3 өмгөөлөгч авсан юм байна. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт дөрвөн өмгөөлөгч ирсэн байлаа. Тэдгээр өмгөөлөгч яллагдагч нарын хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэх саналаа хэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх