Монгол Улсын Дээд шүүх “Акya гарден” гэх тодотголтой, “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг өнөөдөр хянан хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн зарим хэсгийг хууль бус байсныг тогтоохоор шийдвэрлэлээ.
“Онч шийдэл” НҮТББ-аас нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Ерөнхий архитектор болон холбогдох байгууллагуудад холбогдуулан нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасан.
Маргаан нь нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-д хамаарах гурван нэгж талбар бүхий газрын хоёр нь Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцсантай холбоотой.
Анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхээс гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцсан хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангажээ. Мөн нийслэлийн Ерөнхий архитекторын 2022 оны ХТХ2022/00-189 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатай түдгэлзүүлсэн байна.
Улсын Дээд шүүх өнөөдөр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээжээ. Шүүхийн мэдээлэлд дурдсанаар, нийслэлийн Засаг дарга 2018 оны А/1111 дугаар захирамжаар 2013 онд ногоон байгууламжийн зориулалтаар олгосон 11.8 га газрын зориулалтыг өөрчилсөн байна.
Ингэхдээ:
* 29,444 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар;
* 79,875 ам метр газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолборын зориулалтаар;
* 2,642 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус өөрчилжээ.
Эдгээр өөрчлөлтийн зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн гэж шүүх үзсэн байна.
Ийнхүү “Онч шийдэл” НҮТББ-аас усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх олгохгүй байх нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлага гаргасан. Дээд шүүх холбогдох захирамжийн хэсгийг хууль бус байсныг тогтоох нь зүйтэй гэж дүгнэжээ.
Дээд шүүх Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцсан газрын асуудлаар гарсан захиргааны шийдвэрийн зарим хэсгийг хууль бус байсныг тогтоож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт орууллаа. Энэ нь “Акya гарден” хотхоны бүх барилга байгууламжийг хууль бус гэж тогтоосон, эсвэл нураах шийдвэр гаргасан гэсэн үг биш юм.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
Сэтгэгдэл үлдээх