Яллагдагч Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

.Graph
2026-11-12

Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Т.Даваадалай Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарыг албан тушаалын байдлаа ашиглан бусдад нөлөөлж өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Тэдний гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Өдрийн турш яллах болон өмгөөлөх тал мэтгэлцсээр шүүгч эцэст нь оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн, нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Тодруулбал хохирогч буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөрдөн байцаалтын шатанд оролцож байсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөө өөрчилсөн тухай албан бичгээр мэдэгджээ. Гэтэл түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр зохих журмын дагуу тогтоогоогүй, хэргийн материал танилцуулаагүй нөхцөл байдал нь мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж дүгнэх үндэслэлтэй. 

Мөн яллагдагч Т.Даваадалай нь өөр хэрэгт мөн яллагдагчаар татагдсан талаар баримтаа шүүхийн шатанд гарган өгч, хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлтэй байх тул хэргийг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Тэд гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилсөн. Туулын хурдны зам төслийн мөнгийг шилжүүлэх эрхийг хууль бусаар авч, улсад их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдсон. 

Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс мөн оны аравдугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийг хахуульд авсан.

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe