“Ард түмний колонк” байгуулна хэмээн олон нийтээс 190 сая төгрөгийн хандив цуглуулаад буй М.Туул цахим орчинд өөр өөр нэрээр үйл ажиллагаа явуулдаг иргэн аж. Тэрбээр бас М.Орхон, М.Орхонтуул нэрээр цахим хуудас нээсэн байна. Тиймээс яг аль нэрээр нь бичих вэ гэдэг дээр хүртэл эргэлзэхэд хүрэв. Гэхдээ дээрх гурван өөр нэртэй цахим хуудасны ард нэг хүн байгаа нь тодорхой харагдана. Гурван хаягаараа дамжуулан тэр төр засгийг муулж, улс оронд болж буй аль болохгүй бүтэхгүй зүйлийг ярьж олон нийтийн уур хилэнг бадрааж, улмаар асуудалд өөрөө шийдэл хайж буй мэт дүр эсгэдэг. Гэхдээ өнөөдөртөө бүтээсэн ажил, гарсан үр дүн алга. Муулаад байгаа төр засгаасаа нэг их дээрдсэнгүй.
Тухайлбал иргэн М.Орхонтуул өнгөрсөн 5, 7 дугаар сард хомсодсон шатахууны дуулианыг ашиглан шатахуун чанаргүй байна, чанарыг нь шалгаж байна. Би хэлсэн л бол хийдэг эр хүн мэтээр өөрийгөө дөвийлгөж, ярьж эхэлсэн. Улмаар “Манай группынхэн надад гурван сая төгрөг, иргэд нэг сая төгрөг өгсөн. Би өөрөө нэг сая төгрөг гаргаад шатахууны чанар шалгагч авлаа” хэмээн ярьсан. Ерөөс ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах бүрд ард нь хандив, сугалаа, дэмжлэгийн асуудал яригддаг. Ингэх бүртээ би хүнд туслах гээд шатчихлаа, та бүхэн сугалаагаа аваарай гэхчлэн гоншигнодог. Шударга шүүмжлэл бичсэн нэгнийг байнга элдэв бусармаг үгээр хэлдэг. Автомашины сугалаа зохион байгуулж, хэдэн мянгаар нь борлуулдгийг нь цахим хаяг руу нь ороод харчихаж болно. Нэг сугалаа нь 50, 30, 25, 10 мянган төгрөгийн ханштай юм билээ.
Найм, есдүгээр сард шатахууны хомсдол даамжирч, асуудал үүсэхэд энэ нөхөр дахиад хандив цуглуулах тухай цухалзуулж эхэлсэн. Харин арваннэгдүгээр сард дээрх санаагаа гүйцэлдүүлж, “Ард түмний клонк байгуулна” гэдгээ зарлаж, хандив авч эхэлсэн. Улмаар “Ард түмний колонк барина. Зургаан хоногийн дотор 109 сая төгрөг цугларсан. Зүгээр итгээд л байж бай. Чанартай хямд бензин иргэдэд түгээнэ. Би чадахгүй бол буцаагаад ард иргэдэд мөнгийг нь өгчихнө” хэмээн нүүр номынхоо араас томорч байв.
Өдгөө эл дансанд 190 сая цугларсан. Гэтэл энэ нөхөр өчигдөр “Колонк байгуулахын тулд 1.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Колонкийн мөнгө босохгүй бол би яалтай билээ. Мөнгийг буцаагаад өгнө гэдэг хэцүү. Бүр болохгүй бол хэдүүлээ нийлж байгаад 18 аймгийн ядарсан зүдэрсэн айлд байшин барьж өгье. Угаасаа би энэ талаар өмнө нь хэлж л байсан. Хэрэв мөнгө босговол клонкоо баръя. Ийм л хоёр сонголт байна” хэмээн цахим орчинд олон нэр ашигладаг шигээ олон зан гаргав. Угаасаа сугалаа зохион байгуулахдаа ч буцаалт байхгүй гэдгээ юу юуны түрүүнд л онцолж, байгаа харагдсан.
Харин өнөөдөр ээлжит лайваа хийж, колонк байгуулах боломжгүй боллоо. Хаан банкныхантай ярилцаж байгаад энэ мөнгийг буцаахаар болсон. Нэг төгрөг шилжүүлсэн бачкануудад буцааж шилжүүлж чадахгүй шүү, шимтгэл авчихдаг. Гэхдээ та бүхнээсээ асууж байгаад шийднэ. Энэ мөнгө өсөөд байж л байг, би нэг ч төгрөг зарлагадахгүй. Эсвэл газар аваад нөөцийн сав барья л даа. Хэрэгтэй шүү дээ. Байшин бол барьж болохгүй юм билээ. Буруудаж, хариуцлага хүлээх магадлалтай. Миний ард хуулийн фирм бий. Эцэст нь би чадлаа. Гэрээ хэлцэл хийгээд Монголыг чанартай шатахуунаар хангахаар боллоо. Дахиж хомсдол үүсэхгүй, үнэ нэмэгдэхгүй” гэх зэргээр өөр өөр нэр ашиглаж, хандив тусламж авдаг шигээ суурин дээрээ гурав эргэсэн,салаа утгатай зүйл ярьж, биеэ хүчлэн байж инээж байгаа дүр зураг ажиглагдсан.
Гурван өөр нэртэй цахим хуудас, удаа дараа өөрчлөгдсөн мэдэгдэл, 190 сая төгрөгийн хандив, тодорхойгүй хэвээр байгаа зарцуулалтын асуудал нь олон нийтийн итгэлд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал үүсгээд байна.
Иргэний хууль 276 дугаар зүйлийн 276.6 дахь хэсэгт “Хандив хүлээн авагч нь уг эд хөрөнгийг зөвхөн тухайн заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах үүрэгтэй” гэж заасан байдаг. Мөн авсан хандиваа тайлагнаж, задаргаа нэг бүрээ дэлгэх үүрэгтэй. Угтаа бол хандив цуглуулах эрх хувь иргэнд бус Төрийн бус байгууллагад л байдаг хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцах хэлтсийн ахлах, цагдаагийн дэд хурандаа С.Баярбилэг сэрэмжлүүлнэ лээ. Яг үнэндээ гурван цахим хаягтай, нэг суурин дээрээ тийм, үгүй гэж ярьдаг энэ нөхөр өөрийнхөө муулаад шүүмжлээд байгаа улстөрчдөөсөө нэг их дээрдэхгүй гэдгээ үйлдлээрээ баталлаа. Тэр анхнаасаа колонк байгуулах биш ашиг л олохыг зорьсон байх магадлал өндөр. Харин бүтэлгүйтэх эрсдэл байгааг тооцож, ердөө улстөрчдийн нэгэн адил манипуляци хийж, хүний сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил дээр тоглосон л төдий. Түүний хувьд хандив цуглуулах амархан, хариуцлага хүлээх хэцүү байлаа. Яг улстөрчид сошиалд нэг зүйл бичиж, ард түмнээ тандаад, салхи өөр тийш эргэхээр байвал "Аан за больчихсон шүү" гэдэг шиг л. Хандив бол хэн нэгний хувийн мөнгө биш. Энэ бол бусдын итгэл, сэтгэлээр бүрдсэн хөрөнгө. Тиймээс итгэл хүлээсэн хүн бүр түүнийхээ өмнө хариуцлага хүлээх учиртай.
Сэтгэгдэл үлдээх