“Авлига хороолол” буюу “Акуа Гарден”-ыг дунд голын онцгой хамгаалалттай бүсэд барих зөвшөөрөл олгосон нь хууль бус байсныг Дээд шүүх тогтоосон. Уг зөвшөөрлийг хууль бус хэмээх нэхэмжлэлийг “Онч шийдэл” ТББ-ынхан гаргаж, дөрвөн жилийн турш энэ хэрэг дээр ажилласан. Шүүхэд ялалт байгуулсан тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
- Юун түрүүнд Дээд шүүхэд ялалт байгуулсан та бүхэнд баяр хүргэе. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд хураангуйлан тайлбарлахгүй юу?
- “Онч шийдэл” ТББ нь анх 2022 оны долоодугаар сард уг зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед тус барилгын карказыг угсарч эхэлж байсан юм. Хэргийг хянан шийдвэрлэх хугацааны дөрвөн жилд үер ч буулаа, барилга ч ашиглалтад ороход бэлэн боллоо. Манайх нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Монгол Улсад тогтоосон аливаа хууль, журмыг хэрэгжүүлэх л байсан. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нийслэлийн Засаг даргатай ам зөрснөөр дунд голын эрэг дагуу усан парк байгуулахаар төлөвлөснийг өөрчилж, орон сууцны хороолол барих болсныг анх олон нийт мэдсэн. Ингэж олны эсэргүүцэл эрчимжсэн юм.
Дунд гол нь Усны тухай хуульд зааснаар Онцгой хамгаалалтын бүс буюу барилга, байгууламж барихыг хориглосон хэсэг.

Гэтэл тус хэсэгт “Акуа Гарден” хорооллыг барих болсон нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн тул таслан зогсоохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харамсалтай нь, шүүхийн шийдвэр удааширч, урьдчилсан хамгаалалт авч чадаагүйн улмаас өнөөдөр барилгын ажил бүрэн дууссан. Уг онцгой хамгаалалттай бүсэд нийт 11.3 га газар байдаг. Үүнийг гурван нэгж талбайд хуваасны нэг хэсэгт нь “Акуа Гарден” хорооллыг барьсан юм. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр A/17 тушаалаараа барилгын компанийн газар эзэмших эрхийг орон сууц барих эрх болгон өөрчилсөн. Харин 2023 оны наймдугаар сард онцгой хамгаалалттай бүс дэх тухайн газрын эзэмшлийг хүчингүй болгож, дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барьж эхлүүлсэн тус барилгыг буулгах шийдвэр гаргаж байв. Ингээд орон сууц барих зөвшөөрөл өгсөн Засаг дарга барилгын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Шүүхээр дахин хүчингүй болгох боломжгүй учир бид нэхэмжлэлийн утгаа өөрчилж, хууль бус байсныг тогтоолгохоор хандсан. Энэхүү нэхэмжлэлийн гол ач холбогдол нь тухайн зөвшөөрлийг анх олгохдоо л хууль зөрчсөнийг тогтоох юм. Засаг дарга хэн ч байлаа аливаа шийдвэр гаргахдаа хуульд нийцүүлэх ёстой бөгөөд гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй. Тиймээс л анхнаасаа хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.
Гэвч анхан шатны шүүхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Бид давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс “Акуа Гарден” хорооллын талбайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барилга баригдаагүй үлдсэн хоёр хэсгийг хүчингүй болгож шийдсэн. Ингээд бид Улсын Дээд шүүхэд гомдол гаргаснаар хэргийг 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд хэлэлцээд хороолол барьсан хэсэг нь онцгой хамгаалалтын бүстэй давхардсан нь хууль бус хэмээн тогтоосон.
-Тус газрыг олгохдоо анхнаасаа хууль бус байсныг нь баталгаажуулсан гэсэн үг үү?
-Яг зөв. Ингэснээр бидний гол зорилго болох хуулийн хэрэгжилт болоод хууль зөрчигчдөд хариуцлага тооцдог байх зорилго биеллээ. Хамгийн гол нь цаашид дарга нар аливаа шийдвэр гаргахдаа анхаарахаас гадна ямар ч хувийн байгууллага усны онцгой хамгаалалттай газарт барилга баръя гэж бодохгүй. Мөн хамгаалалттай бүсэд дахин барилга барих тохиолдол гарвал ямар ч хуулийн этгээд, олон нийт шаардлага тавьж, эсэргүүцэх ойлголттой болсон. Энэ л бидний стратегийн өмгөөллийн хамгийн гол зорилго байлаа.
- Дээд шүүх хууль бус гээд тогтоочихлоо. Тэгвэл хэдийн баригдчихсан хорооллыг одоо яах вэ?
- 2023 оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын А/1002 тушаалаар “Акуа Гарден” хорооллыг нураах шийдвэр гаргасан талаар ярилцлагын эхэнд дурдсан. Энэ шийдвэртэй холбоотойгоор яг одоо захиргааны шүүх дээр маргаантай байгаа ч уг хэргийг түдгэлзүүлсэн. Учир нь хууль зөрчин тухайн компанид газар олгож, барилгын зөвшөөрөл өгсөн хэргээр АТГ-аас шалгаж байгаа. Тэгэхээр түдгэлзүүлсэн хэргийг эргэн сэргээж байж дахин хэрэг үүсгэх юм. Тус нэхэмжлэлд “Эм Энд Жи констракшн” ХХК ялбал барилга улсын комиссоор орж, ашиглалтад орно. Харин ялагдвал захирамжийн дагуу барилгаа буулгах шаардлагатай болох юм.
- Олон иргэн тус компанид итгэж байр захиалсан. Тухайн үед олон нийт ч, хуульчид ч сануулсаар байсан. Үл хөдлөх гэдэг талх, гурил авахтай адил худалдан авалт биш. Тэгэхээр нэгэнт мөнгөө өгчихсөн, байраа хүлээж байгаа иргэд хэрхэх вэ?
- Бид тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан тус барилга нь эрхийн зөрчилтэй, шүүхэд хандсан шүү гэж анхааруулсаар ирсэн. Миний санаж байгаагаар тухайн үеийн нийслэлийн Засаг даргын орлогч ч энэ асуудлаар анхааруулсан. Тийм байхад л захиалга өгчихсөн иргэд одоо эрсдэлээ хүлээнэ гэж ойлгож байна. Хоёрдугаарт, хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэл нь олон нийтийн ашиг сонирхлын төлөө юм. Гэхдээ хууль бус байсныг тогтоосноор захиалагчдын ашиг сонирхол тодорхой хэмжээгээр хөндөгдөж байна. Анх хууль бусаар олгосон гэчихээд жил гаруйн дараа цуцалсны үр дагаврыг тухайн үеийн шийдвэр гаргагч Д.Сумъяабазар хүлээх үндэслэлийг Дээд шүүхээс тогтоосон гэсэн үг. “Эм энд Жи констракшн” ХХК дээр дурдсан нэхэмжлэлд ялагдлаа гэхэд захиргааны ерөнхий тухай хуулиар буруутай албан тушаалтнаас бүх талууд хохирлоо нэхэмжлэх эрх үүсэх нөхцөл бүрдэнэ.
- Тэгвэл барилга баригдаагүй буюу үлдсэн хоёр усны онцгой хамгаалалттай бүсэд цаашид ширхэг ч хадаас, цемент зоож болохгүй гэж ойлгож болох уу?
- Дээд шүүх шийдвэрийнхээ үндэслэлд хууль бус байсан гэж тэмдэглэсний гол ач холбогдол нь Усны тухай хууль болон хуулиар хориглогдсон байршилд газар олгох болон барилга барихыг хориглож, олон нийтийн итгэл уг шийдвэрээр хамгаалагдана гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, олон нийтийн итгэл болон хуулийн хэрэгжилтийг шаардах жишиг бүхий шийдвэр гэдгийг тодотгосон юм. “Акуа Гарден” усны онцгой хамгаалалтын бүсэд баригдсан анхны барилга биш ч сүүлийнх нь байх ёстой гэж бодож байна.
- Энэ хэрэг дээр ажилласан та бүхний гол үнэ цэн юу байв?
- Мэдээж бидэнд хэн ч захиалга өгөөгүй, бид ч ашиг хараагүй. Харин эсрэгээрээ зардал гарсаар ирсэн. Гэхдээ бид мэргэжлийнхэн учраас цаг хугацаанаас бусдаар бол харьцангуй бага зардал гаргасан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн төлөөх бидний дуу хоолойг хүргэж ажилласанд баярладаг. Стратегийн өмгөөллийн зорилгын нэг хэсэг нь олон нийтэд зөв ойлголт өгөх явдал юм. Үүнийг ойлгосноор олон нийт өөрсдийнхөө төлөө дугарч, шаардлага тавина шүү дээ. Хамгийн гол нь ярианы эхэнд дурдсанчлан хуульч хэмээх мэргэжлийн үнэ цэнийг гаргаж, нийгэмд нөлөөлж чадах атлаа хараад зүгээр сууж чадаагүй гэх юм уу. Ер нь хуульч мэргэжлээр сурсан хүн бүрийн дотор хуулиа хэрэгжүүлдэг жишиг тогтоох ёстой гэдэг бодол байдаг байх.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх