Иргэд угаартаж, төр төлөвлөгөө боловсруулсаар...

.Graph
2026-11-13

Өвлийн сар гарч, айлуудын галлагаа хэдийн эхэлсэн атал салбарын яам Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслөө боловсруулж дуусаагүй нь хачирхалтай. “Төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо”, “Төлөвлөгөөг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна” гэх мэдээлэл сошиалд хэдэнтээ гарснаас өөр ахиц эл ажилд үгүй, амбан явахгүй шахам. Төлөвлөгөөнийхөө төслийг олон нийтээр хэрхэн нээлттэй хэлэлцүүлж, холбогдох талуудаас ямар санал авсан нь тодорхойгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир агаарын бохирдлыг бууруулах ямар цогц арга хэмжээг төлөвлөгөөндөө тусгасан нь нууцлаг хэвээр байна. 

Өнгөрсөн өвөл гэхэд 30 хүн угаартаж, эндсэн гэх харамсалтай тоо бий. Энэ жил урьдчилан сэргийлэх мэдээлэл түлхүү хийж, хүн амын аюулгүй байдлыг хангах ажлаа Засгийн газар дорвитой хийхгүй бол дахиад ч иргэн эндэж мэдэхээр тоо баримт цагдаа, онцгойгийн байгууллагын мэдээлэлд дурдагдсаар байна. 2026 он гарсаар угаарын хийд хордсон тохиолдол тасрахгүй бүртгэгдсээр байна. Жишээ нь, хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлав уу үгүй юу, аравдугаар сарын 30-нд зургаан хүн угаартсан тохиолдол бүртгэгдэв. Хан-Уул дүүрэгт 45 настай эмэгтэй, 13, 19 настай иргэн угаартаж, түргэн тусламжийн үйлчилгээ авсан бол тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэгт мөн 41 настай эмэгтэй, зургаа болон найман настай хүүхэд угаартсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Онцгой байдлын ерөнхий газрын сайтад ч угаартаж, иргэн нас барсан талаарх мэдээлэл харагдана лээ. Ер нь агаар, орчны бохирдол, утаа угаараас үүдэлтэй өвчлөл Монголд элбэг гэдгийг энд сануулах нь илүүц биз. Нэг өдөрт ийм тооны хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж байхад Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо товч мэдээлэл сошиалд тавихаас өөрөөр төлөвлөгөөгөө нээлттэй танилцуулсангүй, хэрхэн ямар арга хэмжээ авсан талаараа дуугарсангүй.

“Шахмал түлшний техникийн зохицуулалтгүйгээс 2019 оноос хойш 900 иргэн амь хохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл тэрхүү техникийн зохицуулалтыг Засгийн газар хийж хэрэгжүүлээгүй байна” хэмээн Ардчилсан намынхан мэдээлнэ лээ. Тус намынхан мөн олон жилийн өмнө гарсан, сургамж болохуйц нэгэн хэргийг дэлгэсэн. Энэ хэргийн хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болжээ. 

Хэргийн талаар товч танилцуулбал, Г.У 2019 оны аравдугаар сарын 18-нд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш худалдан авч түлээд, тухайн шөнө гэр бүлээрээ угаартжээ. Түүний гурван настай охин Т.Я нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барж, Г.У өөрөө хүнд хордлогын шалтгаант тархины эмгэг, доод мөчний удаан дарагдлын улмаас хүнд гэмтэж, хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан аж. Өөрөөр хэлбэл, хохирогч Г.У нүүрстөрөгчийн дан ислийн цочмог хордлогын улмаас зүүн хөлийн мононеральги, G 57.8 зэрэг хавсарсан оношууд нь мэдрэлийн эмгэг үүсгэсэн бөгөөд зүүн хөлийн шилбэний хэсэгт гэмтсэн захын мэдрэл, булчингийн сөнөрөл нь эмийн болон сэргээн засах эмчилгээнд сэргэх боломжгүй нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон аж. Улмаар нь дээрх өвчнийг эмчлэх эмнэлэг Монгол Улсад байхгүй учир гадаад улсад эмчлүүлэхээр явах заалттай юм байна. Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах нар анхан шатны шүүхийн шийдвэр, давах шүүхийн магадлалтай танилцаж, хэргийг хянан хэлэлцээд дараах тогтоолыг гаргажээ. Тогтоолд хариуцагч “Тавантолгой түлш” ХХК-аас гэм хорын хохиролд 503,083,426 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгож, улмаар 2026.05.05-ны өдрөөс сар бүр тогтмол 1,573,145 төгрөгийг олгох тусгажээ. 

Шахмал түлшний хор хөнөөл ийм их атал Монгол Улс өнөөдрийг хүртэл Шахмал түлшний техникийн олон улсын стандартад нийцсэн нарийн зохицуулалтгүй байгаа нь харамсалтай. Дээрх эрсдэлийг бууруулахын тулд энэ бүх ажлыг хийх төсөв хөрөнгө, эрх мэдэл, сэнтий суудал Ц.Сандаг-Очир сайдад бий. Харамсалтай нь, утааны улирал эхэлсэн энэ үед салбарын сайд нам гүм байсаар. Товчхондоо, төр төлөвлөгөө боловсруулах зуур иргэд угаартсаар л байна.





 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe