Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31-р бага хурлын Даргалагч талаас дэвшүүлж буй Ерөнхий шийдвэрийн төслийг хэлэлцэх Талуудын зөвлөлдөх уулзалт болов.
Энэхүү зөвлөлдөх уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн үндэсний байр суурь, саналаа илэрхийллээ.
Монгол Улсын зүгээс Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-ийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход уур амьсгалын санхүүжилт болон технологийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өндөр өртөмтгий орны хувьд дасан зохицох санхүүжилтийг өсгөх, ус, ойн нөөцийн менежментийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлчээр болон экосистемийн доройтлыг сааруулах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд олон улсын бодит дэмжлэг нэн шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Мөн нүүрснээс хамааралтай эдийн засгийн шударга шилжилт, хөдөө аж ахуйн салбарын метан хийн ялгарлыг бууруулах санхүүжилтийн асуудлыг хөндөж, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх болон экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дурдав.
Энэ удаагийн бага хурлын Ерөнхий шийдвэр нь өмнөх амлалтуудыг давтан бататгахаас илүүтэй улс орнуудын үндэсний зорилт, амлалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгох, технологи дамжуулах, үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чиглэх ёстойг доктор М.Намхайринчэн илэрхийллээ.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлыг (COP17) даргалагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хэрэгжилт болон газрын нөөц, биологийн олон янз байдал, уур амьсгалын асуудлаарх Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх санаачилгыг дэмжиж, улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалтыг бодит ажил хэрэг болгох заалтыг шийдвэрийн төсөлд тусгах санал дэвшүүллээ.
Сэтгэгдэл үлдээх