Чехийн нийслэл Прага хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 15-нд олон нийтийн радио, телевизийн хараат бус байдлыг хамгаалах томоохон жагсаал боллоо. Жагсаалд 350–400 мянга орчим хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Энэ нь 1989 оны "Хилэн" хувьсгалаас хойших Чехийн хамгийн том жагсаалуудын нэг болж байна.
Жагсаалын шалтгаан юу байв?
Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийн Засгийн газар олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл боловсруулжээ.
Одоогийн тогтолцоогоор айл өрхүүд сар бүр
- Олон нийтийн телевизэд 150 крон
- Олон нийтийн радиод 55 крон
- Нийт 205 крон төлдөг байна
Засгийн газар энэхүү хураамжийг халж, радио, телевизийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус байгууллагуудын санхүүжилт 15 орчим хувиар буурахаар байгаа юм.
Санхүүжилтийг 15 хувиар бууруулна
Төлөвлөж буй өөрчлөлт хэрэгжвэл олон нийтийн телевизийн нэрлэсэн төсөв 2008 оны, радиогийнх 2005 оны түвшинд очих эрсдэлтэй байна. Үүний улмаас ажилтнуудаа цомхотгох, нэвтрүүлгийн үйлдвэрлэлийг багасгах, зарим хөтөлбөрийг зогсоох шаардлага үүсэж болзошгүй
Хэвлэл мэдээлэл улс төрөөс хараат болох эрсдэлтэй гэж үзжээ
Жагсагчид олон нийтийн радио, телевиз нь Засгийн газар, улс төрчдийн өмч биш, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага гэдгийг онцолжээ. Санхүүжилтийг улсын төсөвт шилжүүлснээр эрх баригчид төсвөөр дамжуулан редакцын бодлогод нөлөөлөх боломжтой болно гэж тэд үзэж байна.Харин Ерөнхий сайд Андрей Бабиш энэхүү өөрчлөлт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлөхгүй бөгөөд иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой хэмээн тайлбарлажээ.
Хуулийн төслийг үүрийн 04:36 минутанд дэмжжээ
Чехийн парламентын эрх баригч олонх аравдугаар сарын 24-ний үүрийн 04:36 цагт хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явуулж, дэмжсэн байна. Ингэхдээ сөрөг хүчний 60 гаруй гишүүний үг хэлэх боломжийг хязгаарласан нь олон нийтийн эсэргүүцлийг улам нэмэгдүүлжээ.
Улмаар арваннэгдүгээр сарын 3-нд олон нийтийн радио, телевизийн ажилтнууд нэг өдрийн ажил хаялт зарласан байна.Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Европын сэтгүүлчдийн холбоо, Хил хязгааргүй сурвалжлагчид зэрэг олон улсын байгууллага уг өөрчлөлтийг шүүмжилжээ.
Сэтгэгдэл үлдээх