Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбогдоод байгаа авлигын хэргийг нэг мөр эцэслэж нэр, төрөө цэвэрлэхийн тулд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө илэрхийллээ. Тэгвэл бид Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндсэн гурван нөхцөл байдаг гэж ойлгож болно.
1. Бүрэн эрхийн хугацаа дуусах
Энэ бол ердийн журам буюу сонгогдсон өдрөөс хуульд заасан хугацаа хүртэл асуудалгүй ажлаа хийгээд хүлээлгэн өгөх юм.
2. Хугацаанаасаа өмнө хүсэлтээрээ чөлөөлөгдөх
Өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдэл энэ заалтын бусад гэдэгт хамаарч болохоор байна. Үндсэн хуулийн 37.2-т заасан энэ заалтад Эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж болно гэж заасан байдаг. Мөн хүндэтгэн үзэх бусад шалтгаан ордог.
3. Огцруулах үндэслэл ба журам
Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөн нь тогтоогдсон бол огцруулах үндэслэл нь болдог гэж заасан. Гэхдээ энэ заалт өнөөдрийн үйл явдалтай одоохондоо тохирохгүй. Хэрвээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөөд хуулийн байгууллагаар шалгагдах үед түүнийг хууль зөрчсөн гэж үзвэл тухай үеийн эрүүгийн хуулиар шийтгэх юм.
За ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө ажлаа өгөх хүсэлтэй байгаа гэдгээ олон нийтэд зарлачихлаа. Гэхдээ би ажлаа өглөө гээд хаалга саваад гараад явчихдаг албан тушаал бол Ерөнхийлөгч биш. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлтээ УИХ-д хүргүүлнэ. Ингээд УИХ-ын гишүүд санал хурааж олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг чөлөөлөх тогтоол баталж Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болох юм. Харин дараагийн Ерөнхийлөгчийг томилогдох хүртэл хугацаанд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Дараагийн Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус сонгуулийг ажлаа өгсөн өдрөөс нь тооцож яг дөрвөн сарын дотор явуулах үүргийг УИХ хүлээх юм. Дээрх процессууд Ерөнхийлөгч ажлаа өгөх хүсэлтээ албан ёсоор УИХ-д хүргүүлснээс хойш байнгын хороогоор хэлэлцэх таван хоног, УИХ-аар хэлэлцэх таван хоног гээд нийт 10 хоногийн дотор явагдан эцэслэгдэх ёстой билээ.
Сэтгэгдэл үлдээх