XX зууны домогт дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит “Орфей 2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадам ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын Грозный хотноо энэ сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд ОХУ, Монгол Улс, БНХАУ, Киргизстан, Казахстан зэрэг улсын 18-38 насны 72 мэргэжлийн залуу дуучид оролцож, авьяас чадвар, мэргэжлийн ур чадвараараа өрсөлджээ.
Энэхүү нэр хүндтэй олон улсын уралдаанд Монгол Улсын Консерваторын Дуулаачийн тэнхимийн төгсөгчид амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөв.
ТЭРГҮҮН БАЙР – А.Наранбаатар
“Duo Tenor” уран бүтээлийн төслийн санаачлагч, продюсер, Нийслэлийн “Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар 31-38 насны ангиллын вокал төрөлд тэргүүн байр эзэллээ.
ДЭД БАЙР – Б.Одмандах
Монгол Улсын Филармонийн “Морин хуур” найрал хөгжмийн флейт хөгжимчин, “Баянмонгол” чуулгын гоцлооч Б.Одмандах дэд байр хүртсэн бахдам амжилт гаргалаа.
Энэ удаагийн уралдаанд 130 гаруй мэргэжлийн дуучин өрсөлдсөнөөс 72 оролцогч эцсийн шатанд шалгарсан бөгөөд ОХУ-ын Большой, Маринский, Новая опера, Геликон-Опера зэрэг дэлхийд нэр хүндтэй театрын гоцлол дуучид оролцсон нь уралдааны чансаа, өрсөлдөөний түвшнийг илтгэж байна.
Сэтгэгдэл үлдээх