Хавар, өвөл хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

.Graph
2026-11-18

У.Отгонбаяр, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий УИХ-ын гишүүд "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл санаачилжээ. Азаар Монгол Улсын Засгийн газар хууль санаачлагчдад хандаж, дээрх хуулийн төслийг бүхэлд нь дэмжихгүй хэмээх хариу өгчээ. Гэвч уг асуудлыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслөө танилцуулахдаа “Хаврын морин уралдааныг дотоодын иргэд үзэж чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх, гаднын жуулчид зорьж үзэх, өргөн нэвтрүүлгийн сувгаар шууд дамжуулах боломжтой. Өвлийн морин уралдаан бол хөдөөгийн малчдаа авч үлдэх, өв соёлоо хамгаалах чухал ач холбогдолтой үнэт зүйл. Энэ хууль уяачдад аль улиралд морио уралдуулах, олон ангиллаар уралдаан зохион байгуулах боломж бүрдэнэ. Тиймээс хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье, баярлалаа” хэмээн онцолсон.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Улсын дээд шүүхийн 18 хүртэлх хүүхэд хурдан морь унахыг хориглосон шийдвэр бий. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа уг асуудлыг алх цохиод шийдэх гэж оролдсон. Шийдвэр албажихаас өмнө УИХ-ын гишүүд эсэргүүцэж болиулсан. Ер нь олон улсын болоод дотоодын олон хууль дүрмээр хавар, өвлийн цагт хүүхдээр морь унуулахыг хориглосон. Гэтэл уг асуудлыг Улсын баяр наадмын хуульд сэм оруулж, хуулийн хулгай хийх гэж байгааг дэмжихгүй. Цаанаа маш том лобби байна. Шийдэгдсэн асуудлыг дахин дахин ингэж оруулж ирж байгаад эгдүүцэж байна” хэмээсэн.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Хэдий Засгийн шийдвэрээр хавар морь уралдуулахыг хориглосон 21 аймаг 330 сумд нууцаар өвөл хавар морь уралдуулж байгаа. Хүүхэд бэртсэн гэмтсэн асуудлыг энд яримааргүй байна. Энэ бол өв соёл биш хүүхэд хамгаалах хууль. Морин уралдааныг нэгдсэн удирдлагатай болгож байгаа юм. Хаврын баяртай уялдуулж, тухайн орон нутгийн байгууллагууд нэгдэж, тусгай замд, хүүхэд хамгааллын хувцастай хийх зохицуулалтыг тусгасан. Дахин хэлэхэд энэ бол хүүхэд хамгааллын асуудал. Зөвшөөрөлгүй хараа хяналтгүйгээр уралдуулах нь эрсдэлтэй. Өвөрмонголд нэг хүүхэд морь унаад амиа алдсан. Үүнийг хуультай, зохицуулалттай л болгож байна” гэсэн юм.
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe