Эрсдэлтэй илгээмжийг хэрхэн цэгцлэх асуудлыг хөндлөө

.Graph
2026-11-18

Шуудангийн сувгаар дамжуулан цахим худалдааны бараа, илгээмж хүлээн авах урсгал жилээс жилд нэмэгдсэн. Гэвч шуудангийн илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус бараа, эд зүйл нэвтрүүлэх нь мөн элбэг болжээ. Гаалийн байгууллага шуудан илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийг шуурхай, үр ашигтай зохион байгуулах, эрсдэлтэй илгээмжийг таньж илрүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг өргөн хүрээнд ярилцжээ. 

Тодорхой хэлбэл, тус байгууллага “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, улс хоорондын шуудан илгээмжийн удирдлага, гаалийн хяналтын бүс эзэмшигч, шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 40 гаруй ААН-ийн төлөөллийг урьж тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замын талаар ярилцжээ. 

Мөн Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төлөөллүүд шуудангийн илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус бараа, эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэлээр саналаа нэмэрлэсэн аж. 

Энэ онд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн  нийт 38 гэмт хэрэг, зөрчлийн 14 буюу 36.8 хувийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байна. 

Мөн илгээмжийн хаяг, утасны дугаар тодорхойгүй, ачаа тээвэр, барааны мэдээлэл зөрүүтэй, холбогдох хууль, тогтоомж, журмын талаар мэдээлэл дутмагаас болж иргэдийн илгээмж шалгагдах, хяналтын бүсэд удах тохиолдол үүсдэг нь шүүмжлэл дагуулсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe