Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөө жил тохиож байна. Засгийн газраас гаргасан ойг тэмдэглэх тогтоолын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг их зохиолчийн улс орны хөгжил, нийгмийн соён гэгээрэл, утга зохиолын түүхэнд оруулсан хувь нэмрийг залуус, хүүхдүүдэд таниулан сурталчлах зорилгоор 22 үйл ажиллагаа зохион байгуулсан гэнэ.

Хийсэн ажлаас товч дурдвал:
- Ойн хүрээнд түүний амьдрал, уран бүтээлийг сурталчлах, утга зохиолоор дамжуулан соён гэгээрүүлэх 20 гаруй ажлыг зохион байгуулан 1.1 сая гаруй хүүхэд залуучууд хамрагдсан, олон улсын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, Монголын утга зохиолд оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах зорилгоор баримтат киног бүтээн, зохиолчийн өвийг сурталчилсан.
- Түүний амьдрал, уран бүтээл, эрдэм шинжилгээний өвийг харуулах тусгай үзэсгэлэнд эд өлгийн зүйл 30, гар бичмэл 10, судлалын ном 50, гэрэл зураг 30, архивын 20 орчим ховор баримтыг олон нийтэд түгээсэн.
- Эрдэмтэн судлаач Д.Цэдэвийн редакторласан “Д.Нацагдоржийн бүрэн түүвэр”-1, 2 ботийг хэвлүүлэх, Д.Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн зохиолын уралдаан, Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Давлагаа” богино өгүүллэгийн наадам, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Түвшний найруулга “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр сэргээн найруулж, үзэгчдийн хүртээл болголоо.
- МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Япон-Монголын утга зохиолын нийгэмлэгтэй хамтран “ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ 120” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийг судалдаг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцжээ.
- Их зохиолчийн суралцаж байсан Лейпциг хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд хуралд Монгол, Герман, Унгар, Итали, Чех Улсын 23 эрдэмтэн, судлаач 17 илтгэл хэлэлцүүлж, нийт 50 гаруй хүн оролцож, их зохиолчийн намтар, бүтээл туурвилын судалгааг танилцуулан, хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүрэлцэн ирж, дурсгалын самбарыг нээж, тус их сургуулийн Алтан дэвтэрт гарын үсэг зурж, түүх болон үлдээсэн байна.
- Д.Нацагдоржийн төрсөн нутаг болох Төв аймгийн Баяндэлгэр суманд түүний төрсөн гэрийн буурийг сэргээн засварлах ажлын санхүүжилтийг яам болон холбогдох аймгийн төсвөөс шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл үлдээх