Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр 2027 онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардал 194 тэрбум төгрөг болж нэмэгдсэн талаар мэдээлэл өглөө. Тодорхой хэлбэл, төсвийн хэлэлцүүлгийн үед 6, 7 дугаар ангийн 137 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг нэмж тусгасан байна. Мөн өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөрийг 18 аймаг, нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа аж. Боловсролын яамны зүгээс дунд болон ахлах ангийн хүүхдийг үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлтийг хийж, 2026 оны тавдугаар сард УИХ-ын 2 дугаар тогтоолыг батлуулсан байна. Энэ тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийн хүүхдүүдийг бүрэн, 2030 он гэхэд ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор бүрэн хангах юм.
Энэ жил хоолны үйлчилгээнд бүх хүүхдийг тэгш хамруулахтай холбоотой хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд тохирсон орц, найрлага бүхий хоолоор үйлчлэх ажлыг эхлүүлжээ. Цаашид ЕБС-ийн хүүхэд бүрийг насанд нь тохирсон хоолны үйлчилгээгээр хангах чиглэлээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлж, Хүүхдийн хоол тэжээл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төвийг байгуулжээ. Энэ хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн хангамжийн тогтолцоог бий болгох юм.
Сайны хажуугаар саар гэгчээр сургууль, цэцэрлэгүүдийн зарим удирдлага хуурамч ирц бүрдүүлж мөнгө авдаг талаар Б.Энх-Амгалан сайд шүүмжилсэн. Тэрбээр “Өнгөрсөн хичээлийн жилд ээж аавууд 1000 төгрөг хоолны зардалд өгч, хяналт тавьж эхэлсэн. Одоо нэг хичээлийн жилд 10-15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байна. Энэ бол ирээгүй хүүхдийг ирснээр бүртгэсэн хуурамч ирц явж байна гэсэн үг. Цаашдаа хоолны зардлыг эцэг эхтэй хуваалцаж, хоолны чанар илчлэгийг хянах боломжтой. Үүнтэй холбоотой тооцоо судалгаа хийж, хяналтыг сайжруулна” хэмээсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх