Г.Пүрэвдэлгэр: Нэр бүхий дөрвөн иргэнээс нэгийг нь Интерполын шугамаар хайж байна

.Graph
2026-11-19

ЭЦА-ны дэд дарга, хурандаа  Г.Пүрэвдэлгэр хэвлэлийнхнийг цуглуулж, сэтгүүлч Б.Даваахүүд холбогдох хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Цагдаагийн байгууллага есдүгээр сарын 24 болон арваннэгдүгээр сарын 2-ны өдөр улстөрийн албан тушаалтны гэрэл зургуудыг эвлүүлж цахим хуудсуудаар тараасан мэдээллийг шалгасан. Иргэн Д нь бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтны хууль ёсны эрх ашигт хор хохирол учруулахуйц  мэдээлэл тараахаар сүрдүүлсэн болох нь тогтоогдсон. Тэдний орон байр, автомашин, ашигладаг цахим хуудас, гар утас, нотебүүк, хяналтын камерын бичлэг, арилжааны банкны дансуудыг шалгаж, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзээд прокурорын зөвшөөрлөөр сэжигтнээр саатуулж, хорьсон. Дараа өдөр нь шүүх тухайн шийдвэрийг албажуулж үргэлжлүүлэн хорьсон.

Иргэн Б, А, Л, М нар Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэмт хэрэгт холбогдсон. Иргэн Б хилээр гарсан. Хуурамч мэдээлэл түгээдэг, иргэдийн үзэл бодолд нөлөөлөхийг оролддог болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Түүнийг Интерполын шугамаар шалгаж байна. Эрэн сурвалжилж Монгол Улсад авчирна. Хилээр гарсан Б нь Б.Даваахүүтэй хамтран ажилладаг, нэгнээ таньдаг байсан. Иргэн М нь үүрэн телефоны 100 гаруй сим ашигладаг. 2000 гаруй тролл хаяг ашиглаж, хамтрагчдынхаа мэдээллийг тараадаг нь тогтоогддог. М түгээдэг мэдээллийнхээ дор автоматаар сэтгэгдэл бичдэг программ ашигладаг байсан. 

Тэд “Төрийн радар”, “Хэн ч ярихгүй”, “Шилдэг кинонууд”, “Тод хар” зэрэг хуурамч хаягуудаар дамжуулан мэдээлэл тараадаг байсан.  Албан тушаалтан гомдол гаргасны дагуу бид хэргийн газрын үзлэг хийж, нотлох баримтыг бэхжүүлж авсан. Гомдол гаргаснаас өмнө сэтгүүлчийг цагдан хорьсон зүйлгүй. Мөн Б.Даваахүүг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө цагдан хориогүйг хэлье” хэмээлээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe