Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын мастер (IM) Батхуягийн Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбоо (FIDE)-ны Тамирчдын комиссын гишүүнээр сонгогдлоо.
Олон улсын шатрын холбооны Зөвлөлөөс 2026–2028 онд ажиллах Тамирчдын комиссын шинэ бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд Монголын шатрын спортын нүүр царай болсон шилдэг шатарчин Б.Мөнгөнтуул ийнхүү дэлхийн шатрын удирдах түвшний зөвлөлд багтав. Тэрээр ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн шатрын ертөнцийн шилдэг төлөөллүүдтэй хамтран ажиллаж, олон улсын тамирчдын дуу хоолой, эрх ашгийг хамгаалах, тэмцээн уралдааны дүрэм журамд тамирчдын саналыг тусгах чухал үүргийг гүйцэтгэх юм.
2026–2028 онд ажиллах FIDE-гийн Тамирчдын комиссын бүрэлдэхүүн:
-
IM Батхуягийн Мөнгөнтуул (Монгол)
-
GM Левон Аронян (АНУ)
-
GM Максим Вашье-Лаграв (Франц)
-
GM Ирина Круш (АНУ)
-
GM Ханс Моке Ниманн (АНУ)
-
IM Омар Ноаман (АНЭУ)
-
IM Тран Тхань Ту (Япон)
Монголын шатрын спортын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж, дэлхийн хэмжээний шийдвэр гаргах түвшинд эх орноо төлөөлөн ажиллахаар болсон Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулд спортын өндөр амжилт хүсье.
FIDE-гийн комисс ба хороодын чиг үүрэг
Дэлхийн шатрын холбоо (FIDE) нь тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг хэлэлцэх, шатрын олон талт үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор нийт 18 комисс (15 нь томилогддог, 3 нь сонгогддог) болон 2 хороог байгуулан ажилладаг. Эдгээр байгууллага нь өөрсдийн хариуцсан чиглэлээр шинэ төсөл санаачлах, FIDE-гийн Удирдах зөвлөл, Зөвлөл болон Ерөнхий Ассамблейд санал, зөвлөмж боловсруулан өргөн мэдүүлэх эрх мэдэлтэй байдаг.
Мөн комиссууд нь холбооны үндсэн зорилготой уялдуулан өөрсдийн эрхэм зорилго, алсын хараа, стратегиа тодорхойлж, дүрэм журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр үндэсний холбоод болон бусад комиссуудтай зөвлөлдөх, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.
Үүнээс Дэлхийн шатрын холбоо (FIDE)-ны Тамирчдын комисс (FIDE Athletes' Commission) нь тамирчдын дуу хоолой, санал бодлыг холбооны удирдлагад хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.
FIDE-гийн албан ёсны дүрэмд зааснаар уг комисс нь FIDE-гийн Зөвлөл болон бусад комиссуудад зөвлөх эрхтэйгээр дараах үндсэн дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг:
• Шийдвэр гаргалтад тамирчдын байр суурийг тусгах: Тэмцээний формат, цагийн хяналт, шагналын сан, хуваарь зэрэг чухал шийдвэр гаргах үйл явцад тамирчдын бодит туршлага, алсын харааг тусгах.
• Тамирчдын эрх ашгийг хамгаалах: Олон улсын хэмжээнд шатарчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сурталчлах, хамгаалах.
• Шударга, аюулгүй орчныг дэмжих: Шатарчдад тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг (fair play) хангах, ёс зүйн өндөр стандарт бүхий цэвэр, хүртээмжтэй, аюулгүй орчныг бий болгох.
• Бүс нутаг, үндэсний холбоодод жишиг тогтоох: Тив болон үндэсний шатрын холбоодын дэргэд Тамирчдын комисс байгуулахыг дэмжиж, тухайн улсын шийдвэр гаргах түвшинд тамирчдын төлөөллийг оролцуулахад туслах.
2026–2028 оны бүрэлдэхүүний онцгой үүрэг:
FIDE-гийн Зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Б.Мөнгөнтуулын багтсан энэхүү бүрэлдэхүүн нь 2028 он гэхэд тамирчид өөрсдөө комиссын гишүүдээ шууд сонгодог байнгын сонгуулийн дүрэм, журмыг боловсруулах чухал үүргийг давхар гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл үлдээх