Сэтгүүлч Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал ЭЦА-наас өгсөн мэдээллийн дараа хэвлэлийнхэнд хандав.
Тэрбээр “ЦЕГ-аас мэдээллийг ирж сонслоо. Энд ярьсан зүйл, үйл явц нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээлэл. Тодорхой хэлбэл, цагдаагийнхан мэдээлэлдээ нэр бүхий дөрвөн иргэнтэй Эрүүгийн хуулийн 23.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэдэг байдлаар ярьсан нь миний үйлчлүүлэгчийн хувь хүний болон сэтгүүлчийн нэр хүндэд нь халдсан үйлдэл.
Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр холбогдсон нөхцөл байдлыг нь шалгуулах бүрэн боломжтой гэдэг талаас нь өмгөөлөгчийн хувиар хүсэлтээ гаргасан. 2026 оны есдүгээр сард мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс Б.Даваахүү холбогдсон юм шиг зүйл ярьж байна. 2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр ажлын байр дээрээс нь дөрвөн ажилтан авч яваад гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ нөхцөл байдлыг Б.Даваахүү хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдалтай байна.
Эрүүгийн хэрэгт татсан тогтоол, нөхцөл байдлыг харахад, миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 23.7 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэж яллагдагчаар татаад байна. Энэ асуудал дээр Б.Даваахүүгийн үйлдэл холбогдол байна гэж үзэх боломжгүй” гэв.
Улмаар Эрүүгийн процесс хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-д " ... мөрдөгч, ... мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно." гэж заасныг зөрчиж, миний үйлчлүүлэгч, сэтгүүлч Б.Даваахүүгийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан учир Тусгай хяналтын дэд хороо болон шүүхэд хандана гэсэн юм..
Сэтгэгдэл үлдээх