2026 оны намрын ургац болон нөөцийн үнэ тогтоосноос эхэлсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ аравдугаар сарын байдлаар оны дээд түвшин буюу 13.4 хувьд хүрч, өслөө.
Энэ оны ургацын улаанбуудайн худалдан авах үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 11 хувиар өссөн нь талх, нарийн боовны үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлсөн. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны 2026 оны 10 дугаар сарын мэдээллээр зөвхөн гурил, талх төдийгүй махны үнэ огцом өссөн болон тээврийн зардал инфляцыг голлон тэтгэж байна.

Цаашдаа ч өснө
Арваннэгдүгээр сараас эхлэн өвлийн идэш бэлтгэх, махны нөөц татах ажил эрчимждэг. Хэдийгээр зарим нэр төрлийн махны жижиглэнгийн үнэ долоо хоногийн хооронд бага зэрэг хэлбэлзэж буй ч жилд 44–55 хувиар өсөж байгаа нь өвлийн саруудад суурь үнэ өндөр хэвээр байхыг илтгэж байна.
Мөн улаанбуудайн худалдан авах үнэ 11 хувиар өссөний зэрэгцээ гурилын үйлдвэрүүд шинэ ургацын буудайн боловсруулалт, сав баглаа боодол, эрчим хүч, тээврийн зардлаа шингээх явцад талх, гурил, нарийн боов, гоймонгийн үнэ шат дараатайгаар өсөх эрсдэлтэй.
Аравдугаар сард тээврийн үнэ сарын дотор 4.2 хувиар өссөн нь хөдөө орон нутгаас хот руу мах, түүхий эд татах болон хүнсний бүтээгдэхүүн түгээх өртгийг нэмэгдүүлж байна. Мөн шатахууны үнийн хэлбэлзэл, импортын барааны үнийн өсөлт (шатахууныг эс тооцсон импортын бараа жилийн +16.0%) дотоодын үнэд давхар нөлөөлж байна.
Цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон зарим салбарын цалингийн өөрчлөлт нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын урсгал зардалд тусаж, эцсийн хэрэглээний үнэд шингэх хандлагатай байна.
Сэтгэгдэл үлдээх