Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол өнөөдөр 11:40 цагт Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тэрбээр ёслолын өмнө Төрийн 9 хөлт их цагаан туг болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Төрийн хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ёслолын цагаан тугт хүндэтгэл үзүүлж, Хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилж, амжилт хүслээ.
Мөн хүндэтгэн үдэх ёслолд хүрэлцэн ирсэн Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, төрийн өндөр албан тушаалтан, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй мэндчилэв. Хүндэтгэн үдэх ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төр, засгийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг үдэж өгөхөөр төв талбайд төрийн байгууллагуудын удирдлага, Монголд суугаа олон улсын элчин сайд нар, зочид төлөөлөгчид, дипломат албаныхнаас гадна маш олон иргэн иржээ.
УИХ-ын чуулганы танхимд, үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ Ерөнхийлөгч "Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг сахин биелүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, өнө эртний түүхт монгол төрийн эрхэмсэг оршихуй, энх тайванч гадаад бодлогыг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьж ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Монгол Улсыг олон улсад бүрэн эрхтэй төлөөлдөг нэн хариуцлагатай албан тушаалтан билээ.
Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг.
Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна.
Манай ард түмэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн.
Миний бие Монгол Улсыг хандив, тусламж гуйдаг биш, харин харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгодог, гуйж очдог биш, уригдаж айлчилдаг улс болгохыг зорьж ажиллалаа.
Энэ бол “дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулах төрийн тэргүүний бодлого байсан юм.
Энэ хугацаанд манай улс НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож дууслаа.
Гадаад харилцааны салбарын ололт амжилт, түүхэн үйл хэргийг хамтран бүтээлцсэн эрхэм хүндэт дипломатчид, төрийн албан хаагчид, Гадаад харилцааны яамны хамт олонд баярлалаа.
Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.
Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна..." хэмээн хэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ-ын чуулганы 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 92.3 хувиар дэмжсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх