Сүхбаатарын талбай хүүхдийн эрхийн төлөө цэнхэр гэрлээр гэрэлтлээ

.Graph
2026-11-20

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “GoBlue 2026” арга хэмжээний үеэр дөрвөн монгол гэрт ЧИП (CHIP) дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц шийдэл, цэвэр халаалтын технологи болон ногоон зээл, санхүүжилтийн боломжуудыг олон нийтэд танилцууллаа. Иргэд эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй технологийн шийдлүүдтэй танилцаж, өрхийн амьдрах орчноо сайжруулах боломжийн талаар мэдээлэл авсан юм. 

"Хүүхэд бүрд цэвэр агаар, дулаан гэр, эрүүл ирээдүй” уриан дор болсон энэхүү арга хэмжээ нь хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын өрхүүдийг дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдэлд шилжихийг дэмжих зорилготой байв. 

Арга хэмжээний нээлтэд төрийн байгууллага, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, хүүхдийн эрүүл ирээдүйн төлөөх хамтын ажиллагаа, хариуцлага, оролцооны ач холбогдлыг онцоллоо.  Энэ үеэр “Дулаан гэр – Эрүүл ирээдүй” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, гэр хорооллын өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах, цэвэр халаалт, дулаалгын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилтоо илэрхийлэв. 

Арга хэмжээний онцлох мөч нь “GoBlue Lights” цэнхэр гэрэлтүүлгийн ёслол байв. Дэлхийн хүүхдийн өдрийн бэлгэ тэмдэг болсон цэнхэр өнгөөр Сүхбаатарын талбай болон аяны хүрээнд сонгогдсон барилга байгууламжуудыг гэрэлтүүлж, хүүхэд бүрийн эрх, сайн сайхан ирээдүйн төлөө нэгдэхийг олон нийтэд уриаллаа. 

Цэнхэр гэрэл нь зөвхөн баярын өнгө бус, хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалж, дулаан гэрт өсөж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстойг сануулсан эв нэгдлийн илэрхийлэл байлаа.  “GoBlue 2026” арга хэмжээ нь хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн хамтын оролцоо чухал болохыг дахин онцолж, “Дулаан гэр – Эрүүл ирээдүй” зорилгын төлөөх хамтын ажиллагааг нэгтгэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.  Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгуулав. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe