Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Э.Батцэцэг болон “Баримт нэн тэргүүнд” сүлжээний редакцуудын төлөөллөөс бүрдсэн багийн “Цэвэр агаарын төлөөс” (The Cost of Clean Air) эрэн сурвалжлах бүтээлийн төсөл АНУ-ын Пулитцер төвийн (Pulitzer Center) тэтгэлэгт шалгарлаа.
Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, түүний үр ашиг болон нийгэмд үзүүлж буй үр дагаврыг судалж, Монголын редакцуудаар, мөн pulitzercenter.org платформоор дамжуулан олон улсад мэдээлэх юм.
Төслийн багт “Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга” (JTI) стандарт хангасан “Зууны мэдээ” сонин, GoGo.mn сайт, NTV телевиз, мөн Itoim.mn, Newsroom.mn сайтын сэтгүүлчид нэгдэж, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, хүн амын амьсгалын замын өвчлөл болон угаартаж нас барсан тохиолдлын өсөлт, түүний шалтгааныг дата анализ, хөдөлшгүй баримт, судалгаа шинжилгээнд тулгуурлан хөндөх цуврал бүтээлээ тус тусын сувгаар бүтээлүүдээ олны хүртээл болгох юм.
Үүнээс гадна хөндсөн асуудлуудыг залруулах, цаашид авах арга хэмжээг эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээнд тулгуурлан суурь оношоо тавьж, зөв шийдэл хэрэгжүүлэх, төсөв, тендертэй холбоотой мэдээллийг бүрэн нээлттэй байршуулахыг шаардаж хэрэгжүүлэх зэргээр нөлөөллийн ажлаа үргэлжлүүлэх юм. Түүнчлэн чөлөөт сэтгүүлчдийн Pluma.media платформ гол талбар болж, нэгтгэсэн дата, лабораторийн шинжилгээний дүн, судалгаануудыг нээлттэй байршуулан, энэ чиглэлээр мэдээ сурвалжилга бэлтгэх сэтгүүлчдийг боловсруулсан дата мэдээллээр хангах юм.
2006 онд байгуулагдсан Пулитцер төв нь олон нийтийн анхаарлаас орхигдсон, гүнзгий судалгаа шаардсан сэдвээр ажилладаг сэтгүүлчдийг дэмждэг ашгийн бус байгууллага юм. Тус төв сүүлийн 20 жилийн хугацаанд 128 орны 3,000 гаруй сэтгүүлчийг тэтгэлэг, хөтөлбөрүүдээрээ дэмжиж, 11,000 гаруй бүтээл туурвихад нь тусалжээ. Зөвхөн 2025 онд гэхэд 97 орны 333 сэтгүүлчийн 239 төслийг санхүүжүүлж, 929 бүтээл олны хүртээл болгосон байна. Тус төвийн дэмжлэгтэй бүтээлүүд хэвлэл мэдээллийн түнш байгууллагуудаар дамжин жил бүр хэдэн арван сая хүнд хүрдэг.

Сэтгэгдэл үлдээх