АНХААР: Аль алинд нь хорих ял оногдуулахаар тусгажээ

.Graph
2026-11-23

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас худал мэдээлэл тараах, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах хуулийн төсөлд санал авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд “Гүтгэх”, “Үндэсний аюулгүй байдлын эсрэг худал мэдээлэл тараах” гэсэн хоёр зүйл нэмэхээр санал болгож буй. Гэвч аль алинд нь тодорхой нөхцөлд хорих ял оногдуулахаар тусгасан байна. Хуульч, эрхзүйчид Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хүний эрх зөрчсөн, алдаа магадтай хэмээн үзэж байна. 

Тухайлбал, өмгөөлөгч Ч.Өнөржаргал “Монгол Улсын Үндсэн хуульд Хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан. Энэ заалтыг манай хуульчид илүү анхаармаар байна. Энэ урьдчилсан нөхцөлүүд дээр илүү сайн анхаарвал. Миний харахад логик зөрчилтэй харагдаад байна” хэмээн бичжээ. 

Мөн “Монголын эмнести” олон улсын байгууллага “Албан тушаалтны ажлыг шүүмжлэхийг гэмт хэрэгт тооцохгүй гэж төсөлд бичжээ. Гэхдээ төсвийн мөнгө хаашаа орсныг сурвалжилж байгаа сэтгүүлч “Үүнийг нийтэлбэл намайг гүтгэсэн гэж цагдаад өгөх болов уу?” гээд баримтаа нийтлэхээс буцвал яах вэ. Тэр хүнийг хэн ч хориогүй байхад бид мэдэх ёстой зүйлээ мэдэлгүй үлдэнэ. Шалгагдахаас эмээгээд хүн өөрөө үгээ цэгнэж, эцэст нь дуугүй өнгөрөхийг chilling effect гэдэг.  Шүүмжлэл дарахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэн, сэтгүүлчийг цаг хугацаа, зардлаар нь туйлдуулах аргыг SLAPP гэдэг. Эрүүгийн журмаар шалгуулах гомдлыг ч ийм зорилгоор ашиглах эрсдэлтэй. Эрх мэдэлтэй хүнд шүүмжлэгчээ дуугүй болгох ийм боломж олгох нь цензур, авторитар практикийн хэлбэр. Эрүүгийн хуульд нэмэхээр санал болгосон энэ хоёр заалтыг одоогийн хэлбэрээр нь дэмжихгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хууль дахь гүтгэх, доромжлохтой холбоотой заалтад нийт дөрвөн удаагийн томоохон хууль зүйн өөрчлөлт, шилжилт (шинэчлэн найруулга, нэмэлт өөрчлөлт болон Цэцийн шийдвэр) хийсэн байдаг. Хамгийн сүүлд буюу 2025 оны сүүлээр Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл ("Худал мэдээлэл тараах")-ийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн үйлчлэлийг нь түдгэлзүүлж, улмаар 2026 онд УИХ-аас уг заалтыг шинэчлэн найруулах үйл явц өрнөж байгаа нь энэ юм. 

1. 2002 оны Эрүүгийн хууль (110, 111 дүгээр зүйл)

  • Зохицуулалт. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд "Доромжлох" (110 дугаар зүйл), "Гүтгэх" (111 дүгээр зүйл) гэсэн хоёр бие даасан зүйл ангитай байсан бөгөөд хорих хүртэлх ял шийтгэл оногдуулдаг байв. 
  • Онцлог. Энэ заалт нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хэрэгт татах үндэслэл болж олон улсын байгууллагуудын шүүмжлэлд ихээхэн өртөж байсан. 

2. 2015 оны шинэчилсэн найруулга (Эрүүгийн хуулиас хассан үе)

  • Өөрчлөлт. 2015 оны 12 дугаар сард баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн Эрүүгийн хуулиар "Гүтгэх" болон "Доромжлох" заалтыг Эрүүгийн хуулиас бүрэн хассан. 
  • Шилжилт. Эдгээр үйлдлийг гэмт хэрэг бус, зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хууль руу шилжүүлж (Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл "Гүтгэх"), торгуулийн шийтгэл оногдуулдаг болгосон. 

3. 2020 оны нэмэлт, өөрчлөлт ("Худал мэдээлэл тараах" зүйл нэмэгдсэн)

  • Өөрчлөлт. УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хуулиас "Гүтгэх" заалтыг хасан, Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйл буюу "Худал мэдээлэл тараах" гэх шинэ заалтыг оруулж ирсэн.
  • Агуулга. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан. Харин "Доромжлох" үйлдлийг нийтлэг байдлаар гэмт хэрэгт тооцоогүй хэвээр үлдээсэн (2022 онд Засгийн газраас "Доромжлох" буюу 13.15 дугаар зүйлийг нэмэх төсөл өргөн барьсан ч нийгмийн эсэргүүцлээс болж батлагдаагүй). 

4. 2025–2026 оны Цэцийн шийдвэр ба шинэчлэл

  • Түдгэлзүүлэлт. Үндсэн хуулийн цэцээс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчсөн гэж дүгнэн үйлчлэлийг нь түдгэлзүүлж, УИХ 2025 оны 12 дугаар сарын 30-нд уг дүгнэлтийг хүлээн авсан.
  • Одоогийн нөхцөл байдал. 2026 онд УИХ-аас Эрүүгийн хуульд уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн өөрчлөх, "гүтгэх" гэмт хэргийн шинжийг хэрхэн нарийвчлан тусгах талаар хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж байна. 

    

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe