Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар ажлаа өгсөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэхээр болж тамгаа гардан авсан. 1990 онд бид анхны Ерөнхийлөгчөө сонгосноос хойш Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгч УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байсан тохиолдлыг харж байгаагүй. Энэ удаагийн тохиолдол анхных нь гэсэн үг. Тийм учраас хаа хаанаа л гайхаж байх шиг байна. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ бүгдийг нь хэрэгжүүлэх үү гэдэг асуулт. Үүн дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуульд заасны дагуу зарим бүрэн эрхэд хориг тавих хэрэгтэй гэсэн санал гаргасан юм. Гэсэн ч түүний энэ саналыг тухайн үед нь хүлээж аваагүй. Эрх баригчид ямар ч байсан батлаадахъя. Явцдаа ярилцаж байгаад шийдэж болох байх хэмээн хайнга хандаад өнгөрсөн. Яагаад хориг тавих хэрэгтэй вэ гэдэг асуулт мөн гарч ирнэ. Тодорхой хэдэн асуудал тулгарч болзошгүй юм.
Хамгийн ойрынх нь УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвлөлдөж санал нэгдвэл УИХ-д санал гаргах эрхтэй гэсэн заалтыг өөрөө өөртэйгөө зөвлөлдөөд хэрэгжүүлэх. Хэрвээ улс төр тогтвортой эрх баригчид хоорондоо хуваагдаагүй байсан бол үүнээс нэг их эмээгээд байх зүйлгүй. Эсрэгээрээ тэд эвээ олохгүй байгаа энэ үед УИХ-ыг тараах саналыг С.Бямбацогтоор гаргуулахыг үгүйсгэхгүй юм. Хардаж байгаа хэд хэдэн шалтгаан ч байна. Намар Н.Учралыг огцруулах тухай яриа гарч байхад Н.Учрал намайг огцруул гэж итгэлтэй нь аргагүй чуулганы индэр дээрээс хэлж байсан. Үүний цаад улс төрийг Ерөнхий сайд огцроод намаас дараагийн Ерөнхий сайдын нэрийг оруулж ирэхгүй гацааж байгаад УИХ-ыг тараах үйлдэл байж болно хэмээн таамаглаж байлаа. Огцруулах улс төр хийх гэж байсан хэд хариу улс төрөө даагаагүй учир Н.Учрал Ерөнхий сайд хэвээрээ үлдсэн. Харин одоо УИХ-ыг тараах нь ямар ашигтай юм гэж үү. Н.Учрал болон У.Хүрэлсүхэд ашигтай. Ялангуяа замаа товчлох гэж байгаа У.Хүрэлсүхэд бүр ашигтай. 2027 онд ээлжит бус сонгуулиар намаа удирдан ялалт авч Ерөнхий сайд болохын хажуугаар сөргөлдөөд байгаа хэдийгээ чирч орсон жагсаалтын хэдтэй нь нэг мөсөн цэвэрлэнэ. Тэр цагт нэг мөсөн МАН түүнийх. Цаашдаа У.Хүрэлсүх иргэн хэвээрээ удвал рейтинг нь ч тэр хүч нь ч тэр суларна.
Уг нь Үндсэн хуульдаа яг энэ эрсдэлээс сэргийлээд тодорхой заагаад өгчихсөн.
Үндсэх хуулийн 37.3 Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.
Дээрх заалтаар аль бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх юм, Алийг нь хэрэгжүүлэхгүй юм гэдгийг УИХ-аар хэлэлцүүлэн нэг удаагийн хуулиар журамлана гэх ойлголтыг өгч байгаа юм.
Үүнийг нь Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин нар С.Бямбацогтыг тамгаа гардан авах өдөр нь сануулсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан болон УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан нар үгүйсгэсэн. Эхлээд доорх Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт бүрийг сайтар уншвал дараагийн хэлэх гээд байгаа санаа илүү ойлгомжтой болох болов уу.
11 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх
1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2.Дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийг түр эзгүй гэж үзнэ:
1/эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эмнэлгийн дүгнэлт үндэслэн Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
2/өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;
3/түр эзгүй гэж Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үзсэн.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, З-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.
Үндсэн хуулийн 37.3 болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.5-д хэрэгжүүлэх бүрэн эрхийг нь УИХ хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн байна гэж Х.Тэмүүжин, Ц.Даваасүрэн нар хэлээд байгаа ч Б.Жавхлан тэднийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дэх заалтыг буруу ойлгосон гэсэн юм. Тэр 11.5 нь Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа бүрэн эрхийг нь тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана гэж ойлгож болохгүй. Чөлөөлөгдөх заалт бүрээр нь буюу эрүүл мэндийн шалтгаан, түр эзгүй, нас барсан гэх заалтуудыг хэлэлцэнэ гэж ойлгоно гэх бүрхэг хариултыг өгч аргалсан. Уг нь тодорхойгоор Үндсэн хуульдаа ч тэр Ерөнхийлөгчийн тухай хуульдаа ч тэр хэрэгжүүлэх эрхийг нь журамлан хуульчилна гэсэн байдаг. Ямар зорилгоор нүдээ аниад өнгөрөв гэдэг их сонин. Магадгүй Х.Тэмүүжин гишүүний яриад байгаа шиг УИХ-ыг тарааж ирэх хавар ээлжит бус сонгууль явуулах оролдлогын эхлэл ч байж мэдэх юм. Тийм учраас энэ асуудлыг эргэн харж УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С.Бямбацогтын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх дээр зарим зүйлд хориг тавихгүй бол бид УИХ тарах уу гэдэг асуултыг 2028 оны сонгууль болох тэр өдрийг болтол асуух нь. Магад Ерөнхийлөгчийн дүрээр сүүлчийн чуулганд суухдаа хэлсэн У.Хүрэлсүхийн ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй гэдэг үг ч С.Бямбацогтоор дамжин ажил хэрэг болох боломжтой юм. Ард түмний санал асуулга явуулах санаачилгыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын 3/1-ээс дээш гишүүд санаачлах эрхтэй байдаг билээ. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-аас баталсан хуульд хориг тавих уу гэх мэтчилэн тоочоод байвал олон асуудал тулгарна.
Хэрвээ энэ чигээр цааш явах юм бол бид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, УИХ-ын даргаа Үндсэн хуулийн цэц дээр очуулах хүртэл асуудал даамжирч магадгүй юм.
Сэтгэгдэл үлдээх