Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгснөөр 2027 оны зургаадугаар сард явагдах байсан Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа өмнө явагдахаар болсон. Намууд ч хурлаа хийгээд удирдаж ажиллах хүмүүсээ сонгоод эхэлж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Ардчилсан намын гурван хүн л тодорхой зарлаад байлаа. Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат гурав. Бусад нь битүү. Цаг хугацааны дарааллаараа 12-р сарын 20-нд сонгуулийн товийг хэдэнд тогтоосноос шалтгаалж намууд сонгууль явагдах хугацаанаас 40 хоногийн өмнө нэр дэвшигчээ зарлах ёстой. Тэгэхлээр давчуу гэж байгаа ч гэсэн тэдэнд доод тал нь хоёр сарын хэлэлцэх хугацаа байна гэсэн үг. Мэдээж уламжлалт ёсоор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН, АН гэсэн хоёр намын дунд л явагдах байх. Бусад нам, эвслүүд санал хуваах зорилгоор оролцоно. Тогтоогоогүй тогтолцоо нь энэ юм. Ийм байсаар ч ирсэн. Ардчилсан нам нэгэнт нэр дэвшигчдээ зарласан учраас дээрх гурван хүний нэг л намаас сонгогдож гарч ирэх биз. Өнгөрсөн хугацаанд гол өрсөлдөгч байсаар ирсэн Н.Алтанхуягийг шүүхтэй зууралдуулж тамлаад байхгүй л бол. Гэхдээ МАН яг энэ цаг хугацаанд тийм юм хийвэл ард түмэнд улам л муухай харагдаж эхэлнэ. Тийм учраас Н.Алтанхуягийг зөнд нь орхих хэрэгтэй. Тэд Ардчилсан намын нөгөө хоёр нэр дэвшигчээс тийм ч их эмээгээд байхгүй биз. Дэндүү шилэн байгаа нь Ардчилсан нам байна. Тийм учраас тэднийг орхиё.
МАН-аас хэн нь юм бэ...
Ийм асуулт хагас жилийн өмнөөс эрчимтэй гарч эхэлсэн. Уг нь анхны хувилбараар Г.Занданшатарыг Ерөнхий сайдын суудлаас Ерөнхийлөгчийн сурталчилгааг нь хийлгэж байгаад дэвшүүлэх төлөвлөгөөтэй байсан ч үүнд нь Ардчилсан нам, Л.Оюун-Эрдэнийн фракцтай нийлж байгаад амжилттай тээг болж чадсан. Судалгаагаар Н.Алтанхуягийн араас хамгийн ойрхон явж байгаа нь Г.Занданшатар. Гэвч улс төрөөс холдсон тэрээр үнэндээ л өлбөгөр байна. Дээрээс нь энд тэнд очиж болох болохгүй хүмүүстэй яриа хийгээд яваа сураг гарч. Тийм болохоор ноён нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой. Хойш суулгах яриа одоогоор ханатай байгаа гэх юм. За Г.Занданшатар биш юм байж. Тэгээд хэн юм гэсэн чинь Б.Жавхлан гэдэг хүний нэр гараад ирэх нь тэр. Өмнө нь Н.Учралын Засгийн газар унах дээрээ тулж байхад түүний нэр дараагийн Ерөнхий сайдад явж байгаа харагдсан. Төрийн байгуулалтын байнгын хороог удирдан хэл амнаас холуур яваа түүний амбиц дээшээ байгаа бололтой. Ямар нэгэн яам хариуцах лав биш. Гэхдээ Г.Занданшатарт байтугай Ардчилсан намын Д.Ганбатад ч рейтингээрээ ойртохгүй байгаа түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлнэ гэдэг хэтэрхий эрсдэлтэй алхам. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог. Аймгуудаа больё гэж бодоход хамгийн олон сонгогчтой нийслэлд нэг их нэр хүнд байхгүй хүн шүү дээ. Сангийн сайд таван жил орчим хийсэн гэдгээс нь өөрөөр хэн ч түүнийг мэдэхгүй. Дээрээс нь Ерөнхийлөгчийн үеэл гэдэг гуншинд нь олон нийт баталгаатай дургүйцнэ. Ар том амбиц дээшээ байлаа ч ард түмэнд сул сонголт.
Байхгүйгээс бүх боломж нь нээгдэж гарч ирсэн С.Бямбацогт өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлачихсан. Энэ мэдэгдэл Ж.Энхбаярт их итгэл төрүүлсэн болов уу. Нэр хүндээрээ ч албан тушаалаар ч ард нь жагсаж байсан түүний өмнөх хүн нь жагсаалтаас гарчихлаа. Тийм учраас дараагийн Ерөнхийлөгч би байж болно гэсэн итгэл улам төрж байгаа нь гарцаагүй. Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг бол Ж.Энхбаярын цээжинд нэмээд Ерөнхийлөгчийн индэр багтсаар л байгаа. Экс Ерөнхийлөгчийн ойрын хүн учраас бүр ч их найдаж байгаа биз. Бас л Б.Жавхлан шиг У.Хүрэлсүхийн ойрын хүн гэдэг нь нам дотроо давуу тал болох ч олон нийтэд сул тал болно. Ер нь МАН-аас нэр дэвших дараагийн хүн У.Хүрэлсүхтэй холбогдох л юм бол авах байсан гурван саналынхаа хоёрыг нь алдана гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Улс төрийн нөхцөл байдал нь өөрөө тийм байдал руу түлхчихлээ.
Яригдаж байгаа нь л Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Г.Занданшатар болохоос биш өөр хүн зүсээд ороод ирэх магадлалтай. Угаас нэр дэвшүүлэлтийн үйл явц тийм байдаг. Олон нийтэд нэр шидэж өгөн гэрэл цохиулж байгаад үндсэн хүнээ гаргаж ирдэг. Гэхдээ 100 гаруй жилийн түүхтэй МАН-д У.Хүрэлсүхээс өөр яг одоогоор гарцаагүй тэр л дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөнө гээд хэлчих лидер алга. Тийм учраас бидний мэддэг хэдэн нэр дотроо эргэлдэж байгаад нэгийгээ гаргах биз. Харин өрсөлдөгч Ардчилсан намд нь бүх давуу тал байна. Ард түмний дэмжлэг, аваад залчих лидер гээд. Даан ч ах намын угсарсан системээс давж чадах уу л гэдэг сонин. Ганц төрийн ордонд МАН илүү тоотой нь биш. Айл бүрд ч тэдний тоо илүү. Жишээ нь нэг өрхөд таван гишүүн байлаа гэж бодоход гурав нь МАН-ын дэмжигч эсвэл гишүүн. Энэ л өнгөрсөн олон жилийн хугацаанд тэдний угсарсан том систем шүү дээ. Одоо л харах цаг ард түмэн юм ойлгосон байна уу, үгүй юу гэдгийг.
Сэтгэгдэл үлдээх