“Оффшор эдлэн газар” гэдэг нь татварын хөнгөлөлттэй, санхүүгийн нууцлал өндөртэй оффшор бүс нутагт байрлах үл хөдлөх хөрөнгө, газар эсвэл оффшор компани, траст (итгэмжлэл)-аар дамжуулан эзэмшиж буй гадаад дахь эдлэн газрыг хэлдэг.
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар эх орондоо эргэж ирэхээс зайлсхийж, алс Канадад шигдэж суугаагаас харвал түүнийг дээрх тодорхойлолтод хамруулж, адилтгаж зүйрлэж болохоор. Тэгээд ч иргэн Хариад Г.Уянгаа шүгэл үлээснээр Х.Нямбаатар Онон мөрний эрэгт “оффшор” эдлэнтэйг олон нийт саяхнаас мэддэг болсон. Иргэн шүгэл үлээгээгүй бол мэдэхгүй ч өнгөрөх магадлалтай байв. Манай сэтгүүлч, зураглаачдын баг Хэнтий аймгийн Дадал сумыг зорьж, Арц багаас энэ талаарх хамтарсан сурвалжилга бэлтгэсэн. Х.Нямбаатар хэдэн зуун га-г хамарсан эдлэн газартайг аймаг, сумын Засаг дарга, газрын даамал нар ч үгүйсгээгүйн дээр нутгийн иргэд ч андахгүй юм билээ. Алга дарам ч биш алд дэлэм газрынх нь хэмжээ 224 га. Улсын хил дагасан усны судал, газрын шим бүрдсэн эл үзэсгэлэнт орон зайг 0.7 га-гаар тооцвол 3200 өрхийн хэрэгцээт газартай тэмцэхүйц хэмжээтэй. Эхнэр А.Солонгынх нь нэр дээр бүртгэлтэй ч нидэр дээрээ Х.Нямбаатарынх. Эрх мэдэл, албан тушаал сүр хүчтэй байх үедээ дээрх газрыг нэр бүхий гурван иргэнээс худалдан, нэг өдрийн дотор хамаарал бүхий этгээдийнхээ нэр бүртгүүлсэн гэдэг. 67, 72, 85 га газрыг иргэд 2021 оноос өмнө давуу эрхээр авсан. Жишээлбэл, иргэн Д.Б-оос 67 га, иргэн н.Ц-оос 85 га газрыг авсан.
Сумын газрын даамал Б.Урансайхан “2021 онд иргэдийн газрыг Монголиан каттле фермийнхэн газрын эрх шилжүүлэх гэрээгээр худалдаж авсан. Одоо энэ газар Монголиан каттле фермийн дээр дээр албан ёсны бүртгэлтэй. Газраа гурван өөр хүнээс авсан. Нэг газрыг нь Д.Батболд 2020 онд давуу эрхээр авч байсан. Дараа нь жил нь Монголиан каттле фермийнхэн түүнээс газрыг нь авсан” гэх мэдээллийг өгсөн юм. Энэ газрын зах зээлийн ханш нь 1.5 тэрбум төгрөг болж байна. Тэр эдлэн газар дээрээ бас үхрийн фермийн аж ахуй эрхэлдэг. Монголиан каттле фермийн ил эзэн нь Б.Хосбаяр гэгддэг ч эцсийн өмчлөгчөөр мөн А.Солонгын нэр бичигджээ.
Эндээс харахад дээрх эдлэн газар хийгээд фермийн далд эзэн Х.Нямбаатар биш гэж үү. Өнгөрсөн зун тэрбээр гэнэ алдаад эдлэн газартаа банштай цай чанаж, бичлэг оруулсныг нь та ч харсан, би ч харсан. Насаараа төрд алба хашсан хүн ийм хэмжээний газар, тэрбум тэрбумаар хэмжигдэх газар, үл хөдлөх хөрөнгө, фермтэй байх боломжгүй. Бас эдлэндээ үе үе онгоцоор залрах эдийн засгийн боломжгүй баймаар.
“Монголиан каттле ферм” ХХК нь 2021 оны долдугаар сарын 30-нд бүртгэгдсэн, Хэнтий аймгийн Дадал суманд үйл ажиллагаа явуулдаг үхрийн аж ахуйн компани. Дадал сумын Засаг дарга А.Азжаргал компанийн талаар “Та бүхэн компани дээр очоод мэдээлэл авбал, иргэд илүү их мэдээлэл өгнө дөө. Ер нь бол талбай дээрээ ногоон тэжээл болон бусад үр тариа тариалаад үхрүүдээ фермээсээ гаргахгүй хашаалж, үржүүлэх үүрэг хүлээдэг. Учир нь манай сум Дадлын үхрийн үүлдэртэй. Тиймээс энэхүү үүлдрийн генийн удмын санг холилдуулахгүйн тулд Монголиан каттле фермийнхэн Грэнфорд үүлдрийн үхрүүдээ хашаалж, тэжээх ёстой. Хашаанаас гаргаж болохгүй, бусад үхэртэй үржилд оруулж болохгүй гэх шаардлага тавьдаг” хэмээсэн юм. Харин биднийг тухайн эдлэн газарт очиход Грэнфорд үүлдрийн 400-гаад үхэр сул бэлчээрлэж байлаа. Мөн иргэд “Х.Нямбаатар 400 үхрээ хашаалдаггүй, бэлчээрлүүлдэг, бусад малчдын малыг машин тэргээрээ хөөж тууж, ад үздэг” хэмээн ярьсан. Грэнфорд үүлдрийн үхрийн тугал гурван сая төгрөгийн үнэлгээтэй бол нас гүйцсэн махны үхэр дээрх үнийг гурав дахин нугална. Эдгээр үхрийг нь зах зээлийн ханшаар нь тооцвол энд дор хаяж 1.2 тэрбум төгрөгт хүрнэ. Нутгийн иргэд “Х.Нямбаатар болон түүний ээж, эхнэр эдлэн газартаа байнга ирдэг. Ингэхдээ онгоц хөлөглөдөг хэмээсэн билээ.
Х.Нямбаатар хотод бас үл хөдлөх хөрөнгөтэй. Мөнгөн дүн нь хэдэн зуун саяар биш, тэрбумаар хэмжигдэнэ. Тухайлбал, “Хамаг Монгол” группийн нэр орон сууцны бүхэл бүтэн хотхонтой. Нэмээд ойн сан бүхий газарт тансаг хаустай.
Ингээд түүний хөрөнгө орлого сүүлийн жилүүдэд хэрхэн нэмэгдсэнийг хамтдаа сонирхъё.
Х.Нямбаатарын 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт 300 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, газар, автомашин бүртгэлтэй байсан бол 2024 оны мэдүүлэгт эдгээр болон бусад хөрөнгийн нийт үнэлгээ 1.6 тэрбум төгрөг давжээ. Мөн өөрийн болон гэр бүлийн жилийн нийт орлого 54.4 саяас 125 сая төгрөг болж, 2.3 дахин нэмэгдсэн байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт 300 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, газар, автомашин бүртгэлтэй байсан бол 2024 оны мэдүүлэгт эдгээр болон бусад хөрөнгийн нийт үнэлгээ 1.6 тэрбум төгрөг давжээ. Мөн өөрийн болон гэр бүлийн жилийн нийт орлого 54.4 саяас 125 сая төгрөг болж, 2.3 дахин нэмэгдсэн байна. 2025 онд үл хөдлөх хөрөнгийн ангилалд хамгийн их өсөлт гарсан байна. Тухайлбал, 180 сая төгрөгийн үнэлгээтэй байсан орон сууц, барилгын хөрөнгө 1.103 тэрбум төгрөг болж, 6.13 дахин өсжээ. Автомашины хөрөнгийн үнэлгээ 20 саяас 160 сая төгрөг болж найм дахин нэмэгдсэн бол газрын мэдүүлсэн үнэлгээ 100 сая төгрөг хэвээр байна. Гэхдээ эзэмшиж буй газрын хэмжээ 100 саяын үнэлгээтэй, 54 үхэртэй гэж мэдүүлжээ. Гэтэл түүний эзэмшиж буй 224 га газарт багадаа 400 тоо толгой үхэр бэлчиж байсныг бид харсан. МАА үнэлгээ нь 157 сая гэж мэдүүлсэн нь ХОМ худал мэдүүлдэг үү гэсэн асуултыг дагуулж байна.
Авлигатай тэмцэх газар, холбогдох хуулийн байгууллагууд ажлаа хийдэг бол түүний хөрөнгө, хамаарал бүхий этгээдийн мэдээлэл нүднээ ил байна. Хамгийн гол байршил дахь газрыг очиж сурвалжлахад бодит байдал ийм байлаа. Экс хотын дарга Та ирж Хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж, шударгаар шалгуулна уу.
Сэтгэгдэл үлдээх