Б.Болд: Гадаадын хөрөнгө оруулалт татъя гэвэл ТӨК-уудын хувьцааг нээлттэй арилжаал

Н.Саруулдөл
2026-11-26

Рио Тинто группийн худалдаа, арилжаа хариуцсан захирал Б.Болд “Mongolia Investment Forum: Singapore”-д оролцож, “Global Energy Transition: Mongolia Opportunities” сэдвээр яриа хийсэн юм. Түүний ярианаас онцлох 10 санааг хүргэж байна.

  1. Миний хувьд уул уурхай гэдэг нь тухайн баялгийг эзэмшдэг орон нутаг болон улс оронтой байгуулж буй нийгмийн гэрээ юм. Товчилсон зам хайж, алхам алгасах нь эргээд сөрөг үр дагавар авчирдаг. Итгэлцэл бий болгож, үйл ажиллагаа явуулахын тулд нийгмийн зөвшөөрөл авах нь дэлхийн хаана ч уул уурхайн хамгийн хүнд сорилтуудын нэг. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Хаа сайгүй адилхан.
  2. Заримдаа “Back to the Future” кинон дээр гардаг шиг цаг хугацааны машинтай болоод машиндаа суугаад энэ хөрөнгө оруулалтын анхны гэрээнүүд хийгдэж байсан үе рүү буцчих юмсан гэж боддог. Үнэндээ би үүнийг маш сайн хөрөнгө оруулалт гэж боддог. Гэхдээ өнөөдрийн өнцгөөс тухайн үеийн нөхцөл байдлыг дүгнэх хэцүү. Хэрэв бид өнгөрсөн рүү буцаж чаддаг байсан бол 20 жилийн өмнө Nvidia эсвэл Facebook-ийн хувьцааг ч худалдаж авч болох байсан.
  3. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бодитоор ажлын байр бий болгодог. Ажлын байр бий болгоно гэдэг эдийн засгийн үйл ажиллагаа бий болгож, энтрепренерүүдийг төрүүлнэ гэсэн үг. Энтрепренерүүд ажлын байр болон эдийн засгийг хөдөлгөдөг. Энтрепренер болон хувийн бизнес олон байх тусам боломж улам нэмэгдэнэ.
  4. Би Оюу толгойгоор маш их бахархдаг. Анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан сайд нар улс төрийн эрсдэлийг өөр дээрээ үүрээгүй бол би өнөөдөр энд сууж байхгүй. Рио тинтод ажиллахгүй. Оюу Толгойд ажиллаж буй 20,000 монгол хүн ч мөн адил. Монголын өмнөөс ч би асар их бахархдаг. Энэ бол 500,000 тонн зэс үйлдвэрлэдэг уурхай бөгөөд дэлхийн топ 10 зэс үйлдвэрлэгчийн эгнээнд хэдийн орж байна.
  5. Оюу толгой бол дэлхийд техникийн хувьд хамгийн нарийн төвөгтэй уурхайнуудын нэг. Газар доор 1.3 километрийн гүнд үйл ажиллагаа явуулж байна. Энд хүрэхэд маш их хугацаа орсон. Гэхдээ эцэст нь бид энд хүрлээ. Энэ бол бидний мөрөөдөл байсан. Одоо тэр мөрөөдөл маань биеллээ олчихоод байна.
  6. Би Оюу Толгойг 20,000 хүн аюулгүй ажиллаж байгаа дэлхийн түвшний, үйл ажиллагаа нь тогтворжсон актив гэдэг утгаар нь, харин Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар хоорондын ногдол ашиг, зээлийн хүүтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нөгөө талд нь салгаж харах ёстой гэж боддог. Оюу Толгойгоос дотоодын худалдан авалт, ханган нийлүүлэгчид, татвар болон бусад хувь нэмрээр дамжуулан аль болох их үр өгөөж хүртэх ёстой.
  7. Манай Үндсэн хууль хувийн болон төрийн хөрөнгийг хуулийн өмнө ижил түвшинд авч үздэг. Гэтэл практик дээр бид заримдаа төрийн өмчийг давуу эрхтэй гэж андуураад байх шиг санагддаг. Үүнийг өөрчлөх нэг арга нь төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах явдал. Ингэснээр тэд 100 хувь төр гэсэн ганц эзэнд биш, бүх хувьцаа эзэмшигчдэдээ үйлчилдэг болно. Миний бодлоор энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад тусална.
  8. Гадаадын шууд хөрөнгө оруулалт дотоодын ханган нийлүүлэгчдийн цар хүрээ, хэмжээг нэмэгдүүлж, бусад салбар руу тэлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг нь бий болгож чадна. Манай зарим ханган нийлүүлэгч Казахстан болон бусад улсын далд уурхайн салбарт амжилттай ажиллаж байгааг би харсан. Гвинейд ч Монгол уурхайчид ажиллаж байна.
  9. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын боломжуудын талаар бодож байгаа бол би хамгийн түрүүнд банкуудтай ярилцана. Тэд ямар томоохон ханган нийлүүлэгчидтэй ажиллаж байна вэ, тэдгээр бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд бонд, хувьцааны хөрөнгө эсвэл өөр төрлийн хөрөнгө оруулалт хэрэгтэй юу. Миний хувьд энэ бол ашиглагдаагүй том боломж.
  10. Би ажлын гараагаа эхэлж байхдаа хөрөнгө оруулалтын банкираар ажилладаг байсан. Тэр үед нэг банкир найз маань надад уул уурхайн boom болох болгонд хоёр зүйл пуужинддаг тухай хэлж байсан. Тэр хоёр нь үл хөдлөх хөрөнгө болон банк. Учир нь, хоёулаа хэрэгтэй болдог.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe