Сонгуулийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн Соёлын сайд Ч.Номингийн 2021-2024 оны ажлын тайлан анхаарал татаад байна.
Сайд хатагтай өнгөрөгч сарын сүүлийн ням гарагт Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд үнэгүй жүжгийн тасалбар тарааж, ажлын тайлан сэтгүүлээ бэлэглэжээ. Түүний уг үйлдлийг сайдын солиотой пи ар хэмээн олон нийтийн сүлжээнд эгдүүцэж байв.
Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч үнэмлэхээ гардаж автлаа иргэдтэй уулзах, материал хэвлүүлэн тараахыг хориглосон байдаг. Гагцхүү нийт УИХ-ын гишүүн иргэдээс сонгогдсон “элч төлөөлөгч” болохын хувьд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж, танилцуулахыг зөвшөөрсөн. Гишүүнд давуу эрх олгосон уг заалт ч сонгуулийн өрсөлдөөнд тэгш бус байдлыг бий болгосон хэмээн олны шүүмжлэлийг дагуулж байгаа юм.
Харин Засгийн газрын гишүүнийг иргэдэд ажлаа тайлагнаарай гэсэн хуулийн нэг ч заалт байхгүй.
Соёлын яам бол Засгийн газрын бүрэлдэхүүн. Засгийн газрыг Ерөнхий сайд тэргүүлж буйн хувьд бүрэлдэхүүн яамнууд нь түүнд ажлаа тайлагнах учиртай. Харин Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг нь хуульд цагаан дээр хараар тод томруун бичигдсэн.
Нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулан буй үед Ч.Номин сайд сэтгүүл тараасан тойргоосоо нэр дэвшихээр тодорлоо гэхэд Зөрчлийн тухай хуулиар торгуулж, нэр дэвших эрхээ хасуулах магадлалтай болоод байна.
Энэ тухай Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Тухайн үйлдэл хуульд заасан зөрчил мөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Хуулийн байгууллага тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу арга хэмжээ авна” хэмээв.
Сэтгэгдэл үлдээх