Монгол Улсын орчин үеийн нийгэмд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх, Монгол үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх, ардын уламжлалт өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад сэтгүүлч А.Баярмагнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. А.Баярмагнай 1964 онд Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн факультет, 1978 онд Москва хотын ОХУ-ын Цэргийн их сургуулийг төгсөж, сэтгүүлч, цэргийн улс төрийн мэргэжил эзэмшжээ.
Тэрээр 1964 онд Төв аймгийн сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, “Ардын Арми” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Улаан од” сонины ерөнхий эрхлэгч, Монголын Ардын Армийн Ар талын газрын намын хорооны дарга, “Тусгаар тогтнол” (“Улаан од”) сонины ерөнхий эрхлэгчээр 30 гаруй жил ажилласан байна.
А.Баярмагнай нь төр, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд үндэсний үзэл санааг нэвтрүүлэхийг санаачлан, 1988–1990 онд төрийн хүндэт харуулын цэргийн ёслолын хувцсыг өөрчлөх ажлыг зохион байгуулжээ. Мөн бүх цэргийн догшин хар сүлдийг 21 аймгийн 331 сумын адуун сүргийн азарганы дэл, сүүлээр бүтээх санаачилгыг хэрэгжүүлсэн байна. Монголын тулгар төрийн үүслийн тухай цуврал нийтлэлийг 35 жилийн өмнөөс санаачлан зохион байгуулж, уг чухал санааг Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгуулахад хувь нэмрээ оруулжээ. Үндэсний их наадам, Монголын хурдан морины уралдааны түүх, уламжлалыг 60 гаруй жил судалж, энэ сэдвээр 50 гаруй өгүүлэл, 10 гаруй ном, товхимол бичиж хэвлүүлжээ. 1997 онд Монголын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд “Монголчуудын хурдан морины соёл, түүхэн уламжлал” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна.
А.Баярмагнай үндэсний өв соёл, Монголын эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан багийн ахлагчаар ажилласан байна. Эх оронч үзэл, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, Монголын сэтгүүл зүй болон үндэсний спортын хөгжилд оруулсан олон жилийн хөдөлмөр, бүтээлийг нь төр ийнхүү өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн нь эрхэм хүндэт шагнал төдийгүй үе үеийн сэтгүүлч, үндэсний өв соёлоо эрхэмлэгчдэд урам зориг өгсөн үйл явдал боллоо.
Э.Дагиймаа МУСГЗ цолоор шагнууллаа
Сэтгүүлч, телевизийн уран бүтээлч Э.Дагиймаа сэтгүүл зүйн салбарт 30 жил тасралтгүй ажиллаж, телевизийн сэтгүүл зүй, нэвтрүүлгийн бодлого, шууд дамжуулалт, баримтат кино, сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнг Монголын төр үнэлж өнөөдөр МУСГЗ цолоор шагнууллаа. 1996 онд Монгол Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө тус сургуулийн докторантурт суралцаж байна.
Э.Дагиймаа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлагаас ажлын гараагаа эхэлж, ТВ5, Малчин ТВ, НХМА-ны дарга зэрэг ажлыг сурвалжлагчаас тоймч, ерөнхий редактор, телевизийн ерөнхий продюсер, захирал хүртэлх албан тушаалд ажиллаж, телевизийн сэтгүүл зүйн бүхий л шатанд мэргэжлийн туршлага хуримтлуулсан уран бүтээлч юм.
Түүний бүтээлч хөдөлмөр, мэргэжлийн замналын онцлох ажлуудаас дурдвал:
- ТВ5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоуг 15 жилийн турш тасралтгүй хөтөлсөн.
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 100 гаруй цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн.
- “Зохиогчийн хөтөлбөр” тойм нэвтрүүлгийг таван жилийн турш үзэгчдийн хүртээл болгосон.
- 2004 оны Афины олимпын наадмаас эхлэн тив, дэлхий, олимпын 20 гаруй спортын наадмыг эх орондоо шууд дамжуулан хүргэхэд ерөнхий продюсерээр ажилласан.
- Монголын Телевизийн Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа АСЕМ-ын дээд хэмжээний чуулган болон Үндэсний их баяр наадмыг 18 телевизээр шууд дамжуулах төслийг удирдан зохион байгуулсан.
- “Улс төрийн он цаг” цувралын хоёр боть номын зохиогч.
- “Малчин” телевизийн “Хот айл” мэдээллийн хөтөлбөрийн автор.
- “WE GO” хамтарсан уран бүтээлийн санаачлагч.
- “Санан дурсах ирээдүй”, “Монгол Улсад эрүүл мэндийн инженер бэлтгэсний 30 жил” зэрэг 20 гаруй баримтат киноны зохиолчоор ажилласан.
Түүнчлэн сэтгүүл зүйн салбарт олон залуу сэтгүүлчийг телевизийн чиглэлээр бэлтгэн сургаж, мэргэжлийн ур чадвар, редакцын соёлыг төлөвшүүлэхэд багшлан ажиллаж байна.
Э.Дагиймаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн телевизийн шилдэг сэтгүүлчээр гурван удаа шалгарч, Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан шонхор” шагнал хүртэж байсан юм. Түүний удирдан ажилласан телевиз, редакц, хамт олон сэтгүүл зүйн салбарт шинэ санаа, шинэ бүтээл, мэргэжлийн манлайллыг тууштай хөгжүүлж ирсэн нь түүний ажил үйлсийн нэгэн чухал үр дүн билээ.
Гучин жилийн хөдөлмөр, бүтээл, туршлагаа сэтгүүл зүйн хөгжилд зориулсан Э.Дагиймаагийн мэргэжлийн замнал нь телевизийн сэтгүүл зүйд бүтээлч санаачилга, тууштай хөдөлмөр, хамтын ажиллагаа ямар үнэ цэнтэйг харуулж байна.
Сэтгэгдэл үлдээх