Номын баяр хагассайнд эхэлнэ

Ц.Чимэдцэеэ
2024-05-16

Үндэсний номын баярыг 35 дахь жилдээ 18-20-нд буюу энэ долоо хоногийн бямба, ням, ирэх долоо хоногийн даваа гарагт Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ.

Баярт зохиолч, хэвлэлийн газрууд бүтээлээ хямдралтай үнээр худалдах, уншигчид дуртай зохиолч, орчуулагчидтайгаа уулзах, гарын үсэгтэй номыг нь авах боломжтой.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж заасны дагуу энэхүү өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

35 дахь удаагийн номын баярт Английн “Andrew Nurnberg Assocaites” утга зохиолын агентлаг, Туркийн “Introtema” орчуулгын болон зохиогчийн эрхийн агентлагийн төлөөлөгчид оролцоно. Тэд монголын хэвлэн нийтлэгчдэд сонирхолтой номуудыг санал болгох, гаднын зах зээлд номоо гаргах хүсэлтэй зохиолчийн бүтээлтэй танилцах юм. Мөн Унгар, Казакстан, Орос, Солонгос зэрэг улсаас хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирэхээр болжээ.

Зохион байгуулагч “Номын гэрэлт ертөнц” ТББ нь “Азтай савар” ТББ-тай  хамтран амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж буйтай холбогдуулан амьтдыг хэрхэн асрах, хамгаалах тухай ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой аж. 

Түүнчлэн оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe