PISA үнэлгээнд унших чадварын сорилыг Монгол Улсад уншаад ойлгох чадвар гэж нэрлэдэг бөгөөд даалгавруудыг англи хэлнээс монгол хэлээр орчуулж авдаг. Сурагчдын эзэмшсэн мэдлэгийг бодит амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг. унших чадвараар 374 оноо авч, 91 орноос 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Суурь буюу II түвшинд сурагчдын 36 хувь хүрчээ. Тэгвэл багш нар сурагчдын эх хэлний мэдлэгийг сайжруулах, уншсанаа ойлгох чадварыг дээшлүүлэх талаар ийн байр сууриа илэрхийлж байна.
Ө.Болор-Эрдэнэ: Багш нар эхтэй ажиллахдаа хүүхдийн ярианы чадвар, бүтэн өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх түвшинд онцгой анхаарч ажилладаг. Сургуулийн өмнөх боловсролоос шилжин ирж буй зарим хүүхэд хэл ярианы хөгжлийн хувьд бэрхшээлтэй байдаг. Тухайлбал, авиа, дуудлагын алдаа гаргах, үгийг буруу хэлэх тохиолдол түгээмэл байна.
Мөн цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүүхдүүдийн ном, сурах бичиг унших дадал буурч байгаа талаар багш нар хэлж байна. Онлайн сургалт, цахим номын хэрэглээ нэмэгдсэн ч бүх хүүхэд тэгш хамрагдах боломж бүрдээгүй байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна.
Г.Ганбаяр: PISA болон ахлах ангийн сурагчдаас жил бүр авдаг хэл бичгийн шалгалтын үр дүнд уншиж ойлгох чадвартай холбоотой асуудал тогтмол ажиглагддаг. Энэ нь орчин үеийн техник, технологийн хөгжил, цахим хэрэглээ нэмэгдсэнтэй тодорхой хэмжээнд холбоотой.
Иймээс хүүхдийг зөвхөн уншуулах бус, уншсан зүйлээ эргэцүүлэх, дүгнэх, харьцуулах, задлан шинжлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Тиймээс хичээлийн агуулга, арга зүйгээ энэ хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөж, уншиж ойлгох болон шүүмжлэлт сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх нь монгол хэлний боловсролын тулгамдсан зорилтын нэг болоод байна.
С.Янжинсүрэн: Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон Олон улсын монгол судлалын их хурлын үеэр гадаадын эрдэмтэд монгол хэлний хэрэглээ, хэт их гадаад үг ашиглаж байгаа асуудлыг хөндөн ярьсан. Энэ байдал түгээмэл болж, монгол хэлний үгсийн сан, бүтэц өөрчлөгдөх, цаашлаад хэлний хэрэглээ хумигдах эрсдэл үүсэж байгааг анхааруулсан.
Багш нарын зүгээс ч үүнд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийг онцолж байна. Өмнө нь бараг айл бүр гэрийн номын сантай байсан бол өдгөө энэ соёл үндсэндээ алдагджээ. Үүний улмаас хүүхдүүдийн унших дадал буурч, уншсан зүйлээ ойлгох, тогтоох чадварт сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлж байна.
Түүнчлэн орчин үеийн амьдралын хэмнэл, ажлын ачаалал нэмэгдсэнээр эцэг эх хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хомс болсон. Гэр бүлийн харилцаа, өдөр тутмын ярианы орчин багассанаар хүүхдийн хэл ярианы хөгжилд нөлөөлж, монгол хэлээрээ өөрийгөө бүрэн, зөв илэрхийлэх чадвар сулрах хандлага ажиглагдаж байгааг багш нар онцолж байна.
Мэдлэ цахим сургуулийн захирал Н.Сайнбаяр: Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүд тухайн улсынхаа сургалтын хөтөлбөрөөр суралцахын зэрэгцээ монгол хэл, соёлын боловсролоо тасралтгүй эзэмших боломжийг Мэдлэ цахим сургууль бүрдүүлж байна.
Монгол Улсаас 340, БНСУ-аас 28, ОХУ-аас 17, АНУ-аас 15 хүүхэд болон бусад улс оронд амьдарч буй суралцагчид мэдлэ цахим сургуульд бүртгүүлэн суралцаж байна. Тэд монгол хэл, соёлын хичээлээс гадна үндэсний сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл судлах боломжтой.
Мөн эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, эрх нь хязгаарлагдсан болон сургуульд биечлэн хамрагдах боломжгүй хүүхдүүд цахим ангиар дамжуулан сургалтаа тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн.
Мэдлэ цахим сургууль нь орон зай, цаг хугацааны хязгаарлалтыг арилгаж, дэлхийн хаанаас ч чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хүүхэд бүрт олгож байгаа юм. Монгол хэл, соёлоо өвлөн хөгжүүлэхийн зэрэгцээ сургалтын хөтөлбөрөөрөө үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй хүүхэд, эцэг эхчүүдийг тус сургуульд нэгдэхийг урьж байна.
Сэтгэгдэл үлдээх