Хотын утаа, түгжрэл, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, иргэдийн аюулгүй орчинд аж төрөх, амьд явах эрх зөрчигдөж эхэлсэн цаг үе. Төр засгаас энэ асуудлыг шийдвэрлэхээр гэр хорооллыг дахин төлөвлөж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган, шинээр барилгажуулах бодлогын шийдэл гаргаснаа олон нийтэд зарласан. Улмаар нийслэлийн Баянзүрх дүүргийн II, IV хороонд байршилтай “Сансар” хотхоны 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр, амины зургаан сууц, хоёр дэлгүүрийг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн нураасан нь анхны дахин төлөвлөлтүүийн нэг байлаа. Энэ бол 2014 он.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа “Их өргөө” компанийг дээрх байршилд төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, барилга барих эрх олгов. Эрх авсан “Их өргөө” компанийнхан “Сансар” хотхоны 85 өрхийн 600 гаруй иргэнийг нүүлгэхийг нь нүүлгэж, хөөж, туухыг нь тууж, байрнаас нь гаргаад, хуучин барилгуудыг газартай нь тэгшилж орхив.
Учир нь хотхоны 18 айл дахин төлөвлөлтийн гэрээний нөхцөлийг үл зөвшөөрч байрнаасаа гарахаас татгалзсан гэдэг.
Тун удалгүй Баянзүрх дүүргийн IV хорооны нутагт шинэ барилгын шав тавив. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Д.Арвин нар шав тавих ёслолд оролцож, “Сансар” хотхоны орчин суугчдыг урьж, тууз хайчилсан.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал, 2014 он
Харамсалтай нь, уг үйл явц дахин төлөвлөлтийн эхлэл биш иргэд 12 жил айлын хатавч, хаяа бараадаж, нэг газраас нөгөө рүү нүүх гашуун зовлонгийн эхлэл байв. “Их өргөө” компаниас гурван талт гэрээ байгуулсан иргэдэд түрээсийн байрны мөнгийг эхний хоёр жил олгосон байдаг. Түүнээс хойш сохор зоос ч өгөөгүй тул иргэд түрээсийн байрнаасаа хөөгдөж, зарим нь гудамжинд гарч, нэг хэсэг нь ах дүүгээ бараадан хөдөө, гадаа шилжжээ. Хамгийн харамсалтай нь, энэ цаг хугацаанд хэд хэдэн буурай байраа хүлээж, цөхрөөд хорвоогоос эргэж ирэхгүйгээр буцсан байдаг.
2016 он сонгуулийн жил. Аргаа барсан иргэд Ардчилсан намын Сонгуулийн төв штабт хандав. Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Арвин 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн билээ. Улс төр л болсон хойно, эрх баригчид, нэр дэвшигчид гоё сайхан зүйл ярьж, болно, бүтнэ гэсээр сонгуулийн жил дуусаж, иргэд бахь байдгаараа гудамжинд хоцорсон байдаг.
Он цаг урссаар. “Сансар” хотхоноос нүүсэн иргэдийн амьдрал уруудан доройтсоор 2017 онтой золгов. Тэвчээр тасарсан иргэд энэ удаа “Их өргөө” компанийн байранд суулт зарлалаа.
Эх сурвалж: Сансар хотхоноо аварцгаая
Өнгөрсөн жилийнх нь сонгуулиар иргэдийн асуудлыг шийдэхийн төлөө явна хэмээж, саналыг нь авсан Б.Саранчимэг гишүүн энэ удаа хохирогчдыг хүлээн авч уулзлаа. Гэхдээ иргэдтэй уулзах үеэрээ тусгай хууль баталж, төрөөс мөнгө гаргах бус, харин төсөл хэрэгжүүлэгч компанийн хариуцлагыг тодорхой болгох, ажлыг эрчимжүүлж ажиллахаа илэрхийлснээс өөрөөр уг асуудалд дэм болж чадаагүй билээ.
Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд “Сансар” хотхоны дахин төлөвлөлтөд хамрагдаж орон сууцгүй хохирсон иргэдэд түр орон сууцанд орох батламж, гэрээг гардуулав. Гэвч түүний Засаг даргаар ажиллаж байх хугацаанд хохирогчид байранд орж чадаагүй. Харин Засаг дарга Су.Батболд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Сансар” хотхоны иргэдийг түр байранд оруулсан хэмээсэн нь туйлын хариуцлагагүй мэдэгдэл байв. Тэр жил үед гэр хороололд аж төрж байсан хохирогч өндөр настны гэр орон шатсан нь тун гашуун бөгөөд хоржоонтой давхцал болсон юм.
“Эмнести интернэшнл” байгууллага Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төслүүдийн улмаас орон гэргүй болж, олон жил хохирсон иргэдийн асуудлыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзжээ. Улмаар энэ асуудлаар тусгай судалгаа хийж, олон улсын тайлан гаргасан байна. Хохирогчид Ерөнхий сайд, хотын дарга, УИХ-ын гишүүд болон төрийн байгууллагуудад удаа дараа хандсан ч дорвитой шийдэлд хүрээгүй. Харин олон улсын байгууллагууд тэдэнд анхаарал хандуулж, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгч эхлэв. “Эмнести интернэшнл”-ийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал Минар Пимпл “Сансар” хотхоны иргэдтэй уулзаж, “Газрын эзэмшил, эрх зүйн аюулгүй байдал сэдвээр зөвлөгөө мэдээлэл өгсөн удаатай. Хохирогчдын асуудал ийн олон улсын сонорт хүрснээр гадаадын хэвлэл мэдээлэл болох “Thomson reuters”-ийнхэн Монголд ирж, “Сансар” хотхоны хохирогчдын асуудлаар баримтат кино хийж, дэлхийд цацав. “Thomson reuters” нь Канадад төвтэй, олон улсад салбарлан байршиж, үйл ажиллагаа явуулдаг том байгууллага. Асуудалд ийн тартагтаа тулчихаад байхад 2018 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат хохирогчдод эрхээ хамгаалж, жагсах ч боломж олголгүй, Жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтэд нь татгалзсан хариу өгсөн гэдэг.
С.Амарсайхан 2019–2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байх үедээ "Сансар" хотхоны хохирогчдыг нийслэлийн түр байршуулах орон сууцанд оруулах шийдвэрийг гаргав. Ердөө есхөн мКв талбайтай, умгар өрөө гэж гололгүй түр суурьшуулах байранд хохирогчид нүүж орсон. Энэ шийдвэр олон жил хохирсон 85 өрхийн амьдралд бага ч атугай дэм болсон юм. Учир нь оршин суух хаяггүйгээс ахмадууд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй болж, зарим нь нас баржээ. Ер нь хүүхдүүд сургууль завсардах, бүтэн өнчрөх, гэр бүл салах, залуус архинд орох зэрэг нийгмийн олон сөрөг үр дагавар гарсан. Товчхондоо, нэгэн цагт орон сууцтай, дундаж ахуйтай байсан иргэдийн амьдрал ийнхүү олон жилийн турш үргэлжилсэн тодорхойгүй байдлын дунд уруудан доройтжээ. 2014-2019 он буюу таван жил гэр оронгүй явсан "Сансар" хотхоны 85 айлын 600 гаруй иргэдээс, 30 гаруй өрх хохирлоо барагдуулахаар “Их Өргөө” компанийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өгөв.
Цөхөрсөн иргэд 2020 оны хахир хавраар гудамжинд гарч жагслаа. Тэд төр засгийн бүх шатны байгууллагад мэдэгдэл шаардлага хүргүүлж, тайван жагсаал хийв. Төр чихэн дүлий нүдэн балай хэвээр. 2021 оны хавар хохирогчид дахин жагсаал цуглаан зохион байгуулав. Ийнхүү дараагийн жилүүд ч хүлээлт, найдвар, гомдол дунд өнгөрөв. Уг нь төр дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй барилгын дэд бүтцийг хариуцах хуультай. Төр мөнгөгүйн улмаас эл үүргээ биелүүлдгүйг компаниуд овжин ашиглаж, барилгаа эхлүүлдэггүй, дунд нь иргэд хохирдог жишиг олон газарт тогтоод удаж буй.
Хотын дарга Д.Сумъяабазар анхны гүйцэтгэгчээр шалгарсан “Их өргөө” компанийн барилга барих эрхийг 2023 онд цуцлав. Ингээд дахин сонгон шалгаруулалт явуулж, “Брилиант партнер” ХХК болон “Бизхаб” ХХК-ийн түншлэл ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, “Брилиант партнер” ХХК болон “Бизхаб” ХХК-ийн түншлэл Сансарын 4-10 дугаар байрны 85 өрхөөс гадна нэмж 1-3 дугаар байрны 61 өрхийн асуудлыг шийдэхээр үүрэг хүлээв. Сахил хүртээд шал дордов гэгчээр, асуудал улам гүнзгийрч, улам л дордож, 85 биш 146 өрх болж, хохирогчдын тоо 1000 руу дөхөв. Сүүлд төсөлд хамрагдсан 61 өрхийн иргэд өнөөдөр бүр байтугай түр оршин суух ч газаргүй, хүндхэн цаг үеийг туулж яваа. Ийн хохирогчдын тоо хүрээгээ тэлэв.
Х.Нямбаатар дарга хотыг гартаа авав. Ажлыг умалзуулаад өгөх юм болж, дахин төлөвлөлтийн эрх авсан ч үйл ажиллагаа нь гацсан төслүүдийг цэгцлэх, хариуцлага алдсан компаниудын ажлыг дүгнэх ажлын хэсэг байгуулав. Тийм хэдий ч “Сансар” хотхоны хохирогчдод чиглэсэн, бодит үр дүнд хүрсэн ямар нэг шийдвэр гаргалгүй байсаар ажлаа өгсөн. “Сансар” хотхоны хохирогчдод УИХ-ын гишүүд, УИХ-ын өргөдлийг байнгын хороо, хотын үе үеийн дарга нарыг бичиг цаас, шаардлага гомдлоор “булж” үүргээ биелүүлэхийг хэдэн зуун удаа шаардсан ч асуудал эхэлсэн цэгтээ гацсан хэвээр 2026 онтой золгов. Энэ хугацаанд ам бүл тавуулаа байсан нэг өрхийн гишүүд л гэхэд багадаа 13-уулаа болж, өсжээ. УИХ, Засгийн газар сая нэг юм хохирогчдын нөхцөл байдал хүндэрснийг анзаарав уу гэлтэй сэхээ авч, хохирогчдын асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд хийгээд хотын даргад үүрэг чиглэл өгөв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Их өргөө” болон “Бриллиант Партнерс” компанид байраа чөлөөлж өгөөд хохирсон иргэдийг “1008 айлын орон сууц”-нд оруулж, хохиролгүй болгохоор амласан. Анхны дахин төлөвлөлтөд хамрагдаж, хохирч шаналж 12 жил орон гэргүй явсан 1000 иргэн дээрх амлалтад туйлын сэтгэл ханамжтай байна. Улмаар тэнгэрийн умдаг атгасан мэт баярлаж, хотоос тавьсан бүх шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн хугацаанд “Сансар” хотхоны хохирогчдоос 40 гаруй хүн нас барж, дөрвөн хүүхэд бүтэн өнчирч, олон олон хүүхэд сургууль завсардаж, цөөнгүй гэр бүл салж, нэр төртэй амьдрах, амьд явах эрх чөлөөгөө зэрэмдэглүүлсэн нь нөхөж баршгүй гарз биш гэж үү. Өөрийн гэсэн орон гэрээс өөр тав тух, эрх чөлөө үгүй билээ.
Иргэд итгэсэн, хүлээсэн. Дахин итгэж, дахин хүлээсэн. Иргэд дахин дахин итгэсээр, дахин дахин хүлээсээр. Энэ удаа л битгий худлаа байгаасай хэмээн залбирсаар, уйлсаар… Хотын дарга Б.Пүрэвдагва амлалтаа биелүүлж, 12 жилийн хүлээлт, шаналалыг эцэс болгож чадах уу.
Сэтгэгдэл үлдээх