Голсон хүн голд нь орно

Б.Энхтулга
2026-11-27

Монголчууд бид Улс тунхагласан өдөр, үгүй Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр гэж хэрэлдэж байх зуур Үндсэн хуульд өөрчлөлт оруулах даалгавартай улс төрчид идэвхжээд эхэлснийг гайхаад нэг анзаараад өгөөрэй. Үндэсний эвслийг одоогоор толгойлж байгаа Н.Номтойбаяр, ХҮН намын дарга Т.Доржханд нарыг. Юу гээд байна вэ гэхээр одоо явуулах гээд байгаа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль чинь Үндсэн хуулийн зөрчилтэй явагдаж магадгүй юм байна. Тийм учраас Үндсэн хуулийн цэцээр хагалуулсны дараа сонгуулиа явуулъя. Тэр болтол ээлжит бус сонгуулийг хойшлуулъя гээд байгаа. Зөрчил нь тэгээд юу юм гэж. Тэгсэн мань хоёр хувилаад тавьчихсан юм шиг нэг юм ярьсан. Үндсэн хуульдаа нэг удаа зургаан жилээр Ерөнхийлөгчийг сонгоно гэсэн заалт нь гуравдугаар сард сонгууль явуулахаар хугацааны хувьд зургаан жил гэдэгтэй харшина. Одоогийн ээлжит бусаар сонгогдсон Ерөнхийлөгч дөрвөн сар бүрэн эрхээ хэрэгжүүлээд буух юм уу, эсвэл зургаан жил дөрвөн сар ажиллах юм уу гэж. Үүн дээр нэмээд Н.Номтойбаяр нэг хачин зүйл яриад байгаа нь зургаан сард 50 нас хүрээд өрсөлдөх эрх нь нээгдэх байсан хүн гуравдугаар сарын ээлжит бус сонгуулиар 50 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар хасагдах болчхоод байна. Энэ Үндсэн хуулийн зөрчилтэй ч байж болно гэсэн. Үгүй дээ. Үндсэн хуульдаа бид яаж заасан байна түүнийгээ л дагах ёстой. Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэн өгсөн бол УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, дөрвөн сарын дотор ээлжит бус сонгуулийг зохион байгуулна. Ээлжит бус сонгуулийн тов гарсан өдөр 50 нас хүрээгүй хүн Ерөнхийлөгчийн тухай хуулиар өрсөлдөх боломжгүй. Ердөө л энэ. Хуулийг өөрсдөдөө тааруулж засах гэж чичирдгээ болих хэрэгтэй. 

МАН-ын барлаг Н.Номтойбаяр, Т.Доржханд...

Н.Номтойбаяр, Т.Доржханд хоёрын сонгууль хойшлуулах гээд байгаа шалтгаан нь хоёр учиртай байж болох юм. Нэгдүгээрт Н.Номтойбаярын эвсэл, Т.Доржхандын ХҮН нам сонгуульд бэлтгэлгүй байна. Зардал, хүний нөөц гэх мэтчилэн. Хоёрдугаарт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Оруулах оруулахдаа нэг мөсөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгож өөрчлөн одоогийн эрх мэдлийг нь хумих. Ингэж хумигдсанаар бид Ерөнхий сайд нь илүү эрх мэдэлтэй улсын эгнээ рүү орно. Герман, Израиль гэх мэтчилэн. Энэ нь У.Хүрэлсүхийн дараагийн улс төрийн төлөвлөгөө байж мэдэх юм. 2028 оны сонгуульд намын даргын дүрээр эргэн ирж намаа ялалтад хөтлөөд дараагийн Ерөнхий сайд болох түүний санаа. Санааг нь хэрэгжих замыг харин тэд засна. Н.Номтойбаяр МАН-даа эргэн орох гэж байгаа тухай яриа олон удаа гарсан. Өөрөө ч үгүйсгээгүй. Мэдээж одоогийн их улс төрд амьтай байя гэвэл нэгэн цагт гологдож, хөөгдөж байсан намаа налахаас өөр аргагүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нартайгаа ойр юм болохоороо улайм цайм тэднийгээ жийгээд нөгөө талдаа гарчхаж чадахгүй л байгаа болооос биш. Түүний эргэн ирэх тасалбар нь эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлт ярих. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг Үндэсний эвсэл дэмжин оролцох байж мэдэх юм. Ямар нэгэн намтай эвсэх эсэхээ ч үгүйсгээгүй. Нэр дэвшигч нь таалагдвал дэмжээд оролцоход болохгүй юм байхгүй гэж ярьсан. Уг нь өмнөхөө бодвол У.Хүрэлсүхэд хамгийн их шаралхаж байгаа хүн нь Н.Номтойбаяр. Найман жилийн өмнө У.Хүрэлсүхтэй муудалцаж чи, би дээрээ тулснаар шоронд орох, намаас хөөгдөх нөхцөл нь бүрдэж байлаа. Хэрвээ дээрх таамаг үнэн бол харилцаа эргэдэг гэх улс төрийн тогтоогүй зарчмыг харуулах байх. Голсон хүн голд нь орох цаг ирээ ч юм билүү. Т.Доржханд харин угаас МАН-ын зараалаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад сурчихсан хүн. Энэ удаад ч гэсэн цаашдын эрх ашгаа харж барлаг нь болж байгаа юм шиг байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болохгүй л бол худлаа юм байна өө гэсэн юм яриад явж байгаа. 

Дарангуйлал, дэглэм яригдаад эхэлсэн энэ үед олны санал бодлыг эргүүлэх мөч нь яг мөн. Гэхдээ улс төр ийм хэврэг, тогтворгүй байгаа үед Үндсэн хуульд засвар хийвэл юу л болох бол доо. Тэд юу ч сэдэж, юу ч хийж мэднэ. Үндсэн хууль улсын тусгаар тогтнолыг баталж өгдөг дээд хууль. Өчигдөр улс орон даяар үүнийг хангалттай сонсож, мэдэрсэн байх. 1924 оны тэр өдөр анхдугаар үндсэн хуулиа баталж соёлт ертөнцөд монголчууд хөл тавих эхлэлээ нээж байсан. Түүнээс хойш 1940, 1960, 1992 он гээд доод тал нь 16 жилийн завсартай дахин шинээр баталж байж. Шинээр шүү. Нийгмээ дагаад хууль шинэчлэгдэх ёстой байсан биз. Харин 2000 он гарснаас хойш ялангуяа МАН засаглаж байсан сүүлийн 10 жилийн хугацаанд гурван удаа яг сонгуулийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нийгмийн хөгжлөө дагаж биш эрх баригчдын таашаалд нийцүүлж. Энэ байдлаараа одоо биш юм аа гэхэд ирэх жилээс бид Үндсэн хуульдаа дахин өөрчлөлт оруулах нь гарцаагүй л болж байна даа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe