Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлгийг цахим платформ ашиглан явуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх бүрэлдэхүүнд шүүгчийг цахимаар оролцуулах бэлтгэл ажлын хүрээнд цөм системийн болон техникийн бэлэн байдлыг хангаж, холбогдох сургалтыг зохион байгуулсан юм.
2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч өөрийн шүүхийн танхимаас цахимаар оролцож, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүнд цахимаар оролцсон шүүгч өмгөөлөгчийн гаргасан гомдол болон түүнд хавсаргасан 200 гаруй хуудас материалтай "Цахим шүүх 2.0" цөм системийн цахим хавтаст хэргийн цэсээр дамжуулан бүрэн танилцсан байна.
Өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд шүүх бүрэлдэхүүнд шүүгчийг зайнаас оролцуулах нь газар зүйн байршлаас үл хамааран шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх, шүүхийн хүний нөөцийг зохистой ашиглах, цаг хугацаа хэмнэх, шүүх хуралдаан хойшлох нөхцөлийг бууруулах, шүүхийн үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах ач холбогдолтой.
Түүнчлэн томилолт, тээвэр, шатахуун, байр, хоолны зардлыг хэмнэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цаг агаар, замын нөхцөл хүндэрсэн үед алс хол зорчихтой холбоотой шүүгчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, иргэд хэрэг, маргаанаа цаг алдалгүй шийдвэрлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, шүүхийн хүртээмжийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Цаашид шүүх хуралдааны зохион байгуулалт, мэдээллийн аюулгүй байдал, системийн болон техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчийг цахимаар оролцуулах ажиллагааг бусад төрлийн хэрэг, маргаанд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх