Хавар, өвлийн морин уралдааны товчоон

Ц.Чимэдцэеэ
2026-11-27

Монгол төр хоёр ч удаа хүүхдийг золиосолж болохгүй хэмээн алх цохисон асуудал гурав дахаа хөндөгдөж буй. Энэ талаар Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан Хүний Эрхийн Үндэсний Комиссын удаа дараа илэрхийлж байсан байр суурийг дахин сануулъя.

2016–2019

ХЭҮК-оос Засгийн газар болон 21 аймгийн Засаг дарга нарт хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг жил бүр хүргүүлж байсан. Эдгээр зөвлөмж болон иргэний нийгмийн шаардлагын үр дүнд Засгийн газраас 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоол баталж, 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл уралдаан зохион байгуулахыг хориглосон.

2021–2023

Жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх, хориг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах шаардлагыг 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус хүргүүлж байв.

2025.01–02

Засгийн газраас 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 3 дугаар сарын 1-нээс хойш уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэнтэй холбогдуулан ХЭҮК-оос хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах байр сууриа илэрхийлж, Засгийн газарт санал хүргүүлсэн. Үүний дараа Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор өвөл, хаврын уралдаанд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахыг хориглосон.

2026.11.16

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хаврын уралдааныг сэргээж, 14-өөс дээш насны хүүхдээр унуулах төслийг эсэргүүцэж, дэмжихгүй байх албан ёсны дүгнэлт хүргүүлсэн.

Үндэслэл

Төр нь хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж, хамгаалах үүрэгтэй. Хаврын морин уралдааныг сэргээх нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих суурь зарчимд харшилж байна.

Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 182 дугаар конвенцод нэгдэн орсон тул хүүхдийг аюултай хөдөлмөрөөс хамгаалах үүрэгтэй. 14-өөс дээш насны хүүхдээр морь унуулахаар хуульчлах нь 18 нас хүрээгүй хүүхдийг хамгаалах стандартыг сулруулсан ухралт болно.

Өвөл, хаврын морин уралдааныг хориглосон гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр болон хүүхдийн эрхэлж болохгүй аюултай ажлын байрны жагсаалт хүчин төгөлдөр үйлчилж байгааг ХЭҮК сануулсаар иржээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe