Голомт банк анх удаа олон улсын зах зээл дээрээс гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай босгож, арав гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ.
Энэхүү үйл явдал нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээл дээр бие даан бонд босгож буй анхны тохиолдол болж байна. Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох “J.P. Morgan Securities PLC”, “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” хамтран ажиллалаа. Moody’s/S&P байгууллагуудаас бондын үнэлгээг B3/B гэж үнэлсэн нь Голомт банкны үнэлгээ Монгол Улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм.
Голомт банк 4-р сарын 29-нөөс эхлэн олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулсан ба бондын захиалга авах үеэр нийт захиалга 500 сая ам.долларт хүрч, санхүүжилтийн зорилтот дүнгээс даруй 200 сая ам.доллароор давсан байна. Голомт банкны олон улсын зах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын бонд нь жилийн 11 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, Reg S/144A форматаар амжилттай гарч, бондыг АНУ, Ази, Европ болон Монголоос мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авчээ.
Сэтгэгдэл үлдээх