Чуулган: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Ц.Чимэдцэеэ
2024-05-17

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганаар 16 асуудал хэлэлцэх товтойгоор хуралдав.

Хуралдааны эхэнд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Хуулийн төсөлд ХАҮТ нь мэргэжлийн нэгдсэн холбоодтой хамтарч ажиллах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь зохицуулсан аж.

Энэ тухай ХАҮТ-ын тэргүүн Ө.Энхтүвшин "Бизнес эрхлэх орчинг таатай болгочихвол зах зээл нь өөрөө үйлдвэрлэлээ зохицуулах боломжтой. Бүх юмыг өөрсдөө үйлдвэрлэнэ гэхээсээ илүү эдийн засгийн харилцаандаа тулгуурлаад явах нь зүйтэй" хэмээв.

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгийн хороонд шилжүүллээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулах асуудлыг тусгасан байдаг. Мөн иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх зорилготой талаар хууль санаачлагч нар онцолсон юм.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэх шилжүүлэх эсэхийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe