Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 23-ны дүрэв гарагт тохиох буюу бүх нийтээр амарна. Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэснээр "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-нд ийнхүү таарч буй юм.
Бурхан багшийн их дүйчин өдрийг 2019 онд нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилжээ.
Ингэснээр ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байх болно гэж үзсэн байна.
Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ.
Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.
Хуульд зааснаар "нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг нэрлэдэг байна.
Сэтгэгдэл үлдээх