Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү, Ардчилсан намд хэлээрэй гэсэн юм

Н.Саруулдөл
2024-05-22

2001 онд “Зүрхэнд шивнэсэн үг” Монголын уран сайхны кино нээлтээ хийж байжээ. Уг киноны төгсгөлд гол дүрийн охин аавыгаа ирэх мөчид ээжийнхээ эцсийн захиас болох “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” хэмээх үгийг шивнэдэг. Киноны энэхүү хэсэг монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хадаатай.

Сонсох төдийд л сэтгэлд хур буулгадаг энэ хэсгийг энэ цаг үед Ардчилсан намд зориулмаар санагдлаа. Монголын ард түмэн та нарыг арай дээрдэнэ гэж мөн ч их хүлээлээ дээ. 

“Зүрхэнд шивнэсэн үг” кино 2001 онд нээлтээ хийж байхад Атар талхны үнэ 250 төгрөг байв. Тухайн үед “ноён доллар” 1100 төгрөгтэй, Монгол хүний дундаж цалин 500 мянган төгрөг буюу 454 доллартай тэнцдэг байжээ. Харин өнөөдөр 2024 онд атар талхны үнэ 10 дахин нэмэгдэж, ам.доллар 3381 төгрөгтэй тэнцэж байна. 

Ялангуяа сүүлийн 8 жил МАН-ын засаглал дор бид

  • Тоггүй үедээ тоггүй, 
  • Усгүй үедээ усгүй, 
  • Үерт урсаж, живж үхэж,
  • Гал сөнөөгчид нь галд шатаж, 
  • Цар тахлаас сэргийлэх нэрийдлээр иргэдээ харийн оронд хаяж, 
  • Дуслын чинээ цалин, тэтгэврийн нэмэгдлийг их юм хүртсэнд тооцож, 
  • Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө боогдуулж, 
  • Хэлмэгдэж, 
  • Баялгаа хулгайлуулж, 
  • Татварт дарлагдан амьдарлаа. Ийм үнэнд ямар ч баримт хэрэггүй. Хүмүүс бүгд л мэдэж байгаа. 

Өнөөдөр зөвхөн залуус ч гэлтгүй, бүх ард түмэн цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна, юмны үнэ өсөж байна, талх таллаад зээлж авмаар байна гэх болжээ. Энэ бүхнийг өргөс авсан мэт амархан анагаахгүй ч хонгилын үзүүрт ёлтойх гэрэл гаргаж чадах байх гэж АН-д итгэж, тэднийг ардчилагчид гэж, эрх чөлөөг авчрагсад гэж хүндэлж байлаа. Заавал засгийн эрхийг ав гэхгүй ч олигтой сөрөг хүчин байгаад өгөөч гэж иргэд гуйж байлаа. 

Гэтэл бидний итгэж байсан АРДЧИЛСАН НАМ өнөөдөр эрх мэдлийн төлөө, мөнгөний төлөө юуг ч хийхээс буцахгүй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл болжээ.

Ингэж хэлэхийн учир нь, АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 126 нэр дэвшигчээ тодруулахдаа шүүмжлэл дагуулахуйц хэд хэдэн болчимгүй үйлдэл гаргалаа. 

Тэд жагсаалтаа зарсан уу?

Сонгуулийн тухай хуульд жагсаалтаар нэр дэвшигчээс сурталчилгааны санхүүжилт авна гэж заажээ. Энэ талаар томоохон хэвлэлүүд хуульд сурталчилгааны санхүүжилт гэж гоёор тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ бол жагсаалтын квотыг худалдаж байгаа нэг хэлбэр хэмээн бичсэн байна. Тэгвэл АН-ын гишүүдийн хувьд намынхаа жагсаалтын 

  • Эхний 5-д бичигдэхийн тулд 2 тэрбум, 
  • Эхний 10-т бичигдэхийн тулд тэрбум төгрөгийг сурталчилгааны санхүүжилт байдлаар намдаа өгсөн гэх мэдээлэл байна. 

Мэдээллийг лавшруулбал, 100 саяыг өгсөн хүн ч жагсаалтад бичигдэж чадаагүй, УИХ-ын гишүүн асан Г.Уянгын адил 16 саяыг төлсөн намын олон гишүүн байгаа аж. Мөн манай редакцад хандсан АН-ын гишүүний хэлснээр “Намын гишүүд бүгд энэ бүхнийг мэдэж байгаа ч нүдэн балай, чихэн дүлий сууж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг энэ мэдээллийг гадагшлуулчихна гээд намын гишүүнээр ерөөсөө бүртгэхгүй байсан. Тэгээд нэр дэвшүүлэлтийг яг өмнө намын гишүүний батлахыг нь өгөөд л, дэвшүүлэлгүй орхисон. Ер нь Ардчилсан намаас улс төрд явахын тулд аль нэг мафижсан хэсгийг дагахгүй л бол явдаггүй юм шиг байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн асан Г.Уянга намд өгсөн 16 сая төгрөгөө авъя хэмээн дансны хуулгаа нийтэлж, мөнгөө нэхэмжилсэн. Энэ жишгээр бол АН-ын гишүүний хэлсэн дээрх ханш үнэн байхыг үгүйсгэхгүй юм. 

Тэд эмх замбараагүй хэвээрээ

АН-ын нэр дэвшүүлэлтийн үеэр хамгаалагч нар авчраад зогсоочихсон эмх замбараагүй байдал үүсэж байгаа нэг бичлэг цахим орчинд таржээ. Тэр бичлэгт УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа хамгаалж буй залуусыг дайрч ороод, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй микрофон булаацалдаж, нүүр амнаас нь чангааж байгаа харагдана. Энэ үед УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Байж бай л даа, цаг дуусах гээд байна шүү дээ” хэмээн уцаарлаж байгаа нь Ардчилсан нам ямар эмх замбараагүй, сахилга батгүй байгааг илтгэнэ. Монголын хамгийн том сөрөг хүчний байж байгаа царай энэ. Тавдугаар сарын 20-ны өдөр дуусах гээд байхад тэд хэрэлдсээр хэрэлдсээр шөнийн 00.00 цагтай уралдан арай л гэж 126 нэр дэвшигчээ тодруулсан. Ингэхдээ заримыг нь гээсэн, заримыг нь шөнө дөлөөр жагсаалтаас хассан. 

Гэтэл хажууд нь ХҮН нам энэ бүхэнд ихээхэн дипломат хандаж, үдээс өмнө бүх юмаа тодорхой болгочхоод үдээс хойш хэвлэлийн хурлаа хийчхээд тарж байна. Тэд АН шиг цаг дууслаа шүү дээ гэж зодолдсонгүй, МАН шиг олон нийтээс оноо авах гэж зүдэрсэнгүй. 

Тэд залуусаа золигт гаргалаа

Ардчилсан намд хүний нөөц байна уу гэвэл байна. Ардчилсан намын барууны гэх үзэл баримтлал нь залуусыг татах нэг өнцөг мөн. Үзэл баримтлалаараа тэд Либертари намыг өөрсдөдөө нэгтгэж, Х.Номингэрэл, С.Цэнгүүн, Н.Амаржин, Ч.Лодойсамбуу, Э.Энхпүрэв, Ц.Уянга хэмээх залуусаар өнгөлүүлж явна. Энэ залуус яалт ч үгүй манай улс төрд шинэ дүр. Гэвч АН С.Цэнгүүнээс бусдыг нь золигт гаргалаа. 

Жишээлбэл, АН-аас дэвшиж баттай нэг суудал авна хэмээн яригдаж байсан Х.Номингэрэлийг нэр дэвшүүлэхгүй байхаар шийдсэн. Эхлээд нэр дэвшигчдээ зарлахдаа түүнийг жагсаалтын 22 дугаарт бичсэн мөртлөө өглөө нь тэр нэр алга болов. Энэ талаар горилогч Х.Номингэрэл “Хоёр дэлдэнгээрээ яах аргагүй 22 дээр сонссон нэр маань шөнө дунд намын жагсаалтаас алга болчихож. Буянаараа болог” гэжээ. 

Түүнчлэн хотын төвд өрсөлдөнө хэмээн таамагт багтаж байсан Н.Амаржин, Ц.Уянга нарыг хүссэн тойрогт нь биш, хамгийн их хүн амтай дүүргийн нэг болох Сонгинохайрхан руу явуулав. Ингэхдээ алаантай дүүрэгт алалцаад гараад ирвэл тэр биз гэх хандлагыг намын удирдлагуудаас гаргажээ. Н.Амаржингийн хувьд угаасаа миний сонгосон дүүрэг хэмээн хаацайлж байгаа бол Ц.Уянгын хувьд "Би Хан-Уулын тойрогт гурван сар ажилласан. Сонгинохайрханд Г.Уянгыг надаар солилоо. Г.Уянга Сонгинохайрханд шансгүйгээ мэдээд намайг дуугай болгох гэж нохойд хаяж байгаа яс болголоо" гэсэн байна. Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт өнгөрсөн сонгуулиар МАН цэвэр ялсан билээ.

Мөн багаасаа “Электрон жаал” хэмээн алдаршсан Э.Энхпүрэвийг жагсаалтын 25-д, тохироо хийж авчирсан Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшинг жагсаалтын тээр хойно буюу 29 дүгээрт жагсаалаа. Уг нь АН-ын залуус хэвлэлийн хурал хийгээд ачааны хүндийг бидэнд үүрүүлээч хэмээн гуйсан юм шүү дээ. Гэтэл АН-ын ах нар ачаанаасаа хуваалцсангүй. 

Нөгөө талд МАН-аас огт танихгүй, төсөөлөө ч үгүй Г.Лувсанжамц хэмээх инженерийг жагсаалтын нэгдүгээрт бичиж, АН-ын нэр дэвшүүлэлтийг цөм цохиж унагалаа. АН-ынхан жагсаалтаа “зарж”, юу ч үгүй залуусаасаа ашиг хонжоо харан сууж байхад МАН-ынхан олон нийтээс авах ёстой оноогоо аль хэдийнээ авчихав. 

АН-ын нэр дэвшигчид тодрох хугацаанд ийм зүйлс өрнөжээ.

АН яагаад ийм болсныг мэдэхгүй. Гэхдээ чимээгүй орхих тусам, тэд эрх мэдэлгүй хүмүүс шүү дээ гэж хөөрхийлөх тусам улам муудна гэдгийг гадарлаж байна. Ардчилсан нам бол Л.Гантөмөр, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн хүн биш. Ардчилсан нам бол АН-ыг үнэнчээр дэмждэг 200 мянган гишүүн гэдгийг сайтар ойлгож, том зорилго руугаа тэмүүлэх нь Монгол Улсад л хэрэгтэй. 

Учир нь, засгийн эрхийг авч чадахуйц, авч чадахгүй юмаа гэхэд жинтэйхэн сөрөг хүчин болж чадахуйц дэд бүтэц нь Ардчилсан намд байна. Гэтэл тэд бидний итгэлийг удаа дараа алдсаар байгаа нь харамсалтай. Сөрөг хүчингүй бол ямар байдгийг бид өнгөрсөн 8 жил харсан. Тэднийг эвлэрэн нэгдэж, эргэлт хийх болов уу гэж Монголын ард түмэн мөн ч их хүлээлээ дээ. Ер нь биднийг 2024 онд төлөөлчих сөрөг хүчин гарч ирэх нь үү…? 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe