Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж, УИХ өнгөрсөн сард баталсан билээ. Тэгвэл уг хуультай холбогдуулан Bloomberg-ийн сэтгүүлч “Terrence Edwards”-ийн бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид шинээр батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь Монгол Улсын ашигт малтмалын салбарт болон бусад холбогдох төсөлд хөрөнгө оруулалт хийхэд саад учруулна хэмээн зовниж эхэлсэн. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар мэдэгдэл хийв.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Bloomberg рүү мэйл бичихдээ “Стратегийн ордуудад хийж буй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, уул уурхайн төслүүдийн хувьцааг төрд үнэгүй олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь монголын ард түмэн эх орныхоо асар их баялгийн үр шимийг хүртэх баталгаа болно. Мөн Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулалтын түншүүдэд ихээхэн хэмжээний санхүүгийн өгөөж өгдөг ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүрэг хүлээсэн хэвээр байна” гэжээ.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 28 хувийг эзэлж, гадаад экспортын 92 хувийг бүрдүүлж байгаа ба энэ нь голчлон Хятад руу экспортлогддог. Тус улс дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой металл, зэс, нүүрсний асар их нөөцтэй. Маш их хэмжээний ашиглагдаагүй газрын ховор элемент нь Франц, Герман, АНУ зэрэг улсуудын уул уурхайн сонирхлыг татаад байгаа.
Монголын УИХ өнгөрсөн сард хөрөнгө оруулагчийн эзэмшлийн 34 хувийг хязгаарласан. Ингэхдээ стратегийн ордоос олборлолт хийж буй компанид нөхөн олговор олгохгүйгээр төрд авах эрсдэлийг бий болгожээ. Энэ нь уул уурхайн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын өгөөжид тодорхойгүй байдал үүсгэж байна гэж шүүмжлэгчид үзэж байна.
Засгийн газар өмнө нь стратегийн ордыг ашиглаж байгаа компаниудын 34 хувийг авч, ингэхдээ түүнд таарсан дүнтэй мөнгөн дүнг хөрөнгө оруулагчдад төлж, харин хөрөнгө оруулагч уул уурхайн нийт хөрөнгийн 66 хүртэлх хувийг эзэмших боломжтой байв.
Хөрөнгө оруулагчдын санаа зовнил
Америк, Австрали, Европын худалдааны танхим гэх мэт бизнесийн бүлгүүд энэ сард хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд хандан Засгийн газрын илүү өргөн хүрээний зорилтуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч эрх баригчид хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс хойш гуравхан хоногийн дараа хуулийг баталж, сонирхогч талуудтай зөвлөлдөхгүйгээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан нь зохимжгүй байгаагаа илэрхийлэв.
Энэ талаар Австралийн Худалдааны танхимын дарга Брэд Кларк “Энэхүү бодлого нь гадаадын хөрөнгө оруулалтыг өөр газар руу чиглүүлэх болно” гэж хэлжээ.
Мөн Монголын МАК группын хэвлэлийн төлөөлөгч Б.Ариунболд “Хуулийн өөрчлөлт нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг мэдэгдэхүйц бууруулах хандлагатай” гэж мэдэгдлээ. Монголын МАК групп нь стратегийн чухал орд болох “Цагаан суварга” хэмээх зэсийн ордыг ашигладаг билээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-аар Үндэсний баялгийн сангийн жилийн төсвийг хэлэлцэх үед олон нийтийн саналыг талархан хүлээж авна гэдгээ хэлсэн. Гэсэн хэдий ч улс орныхоо эрдэс баялгаас илүү их хувийг эзэмших, авилгыг таслан зогсоохыг уриалсан утгаар сонгогчдын саналыг илүү их татахыг эрмэлзэж буй мэт байна. Энэ бодлого нь Монголын Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд туслах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтыг улам төвөгтэй байдалд оруулж байна.
Цуцлагдсан өр
Рио Тинто 10-аад жил маргаантай байсан хувь эзэмшлийн тухай маргааныг эцэслэж, 2021 онд Монгол Улсын өрийг тэглэхээр болсон юм. Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ учраас нэмэлт өөрчлөлт Рио Тинтод нөлөөлөхгүй гэж үзэж байна. Монгол Улс одоогоор 16 стратегийн орд газартай, дийлэнх нь орон нутгийн өмчит компанид харьяалагдаж, Засгийн газар ашгаас нь хувааж авдаг. Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, түүний засаг захиргааны үед ямар нэгэн орд газар нэмэх төлөвлөгөө одоогоор байхгүй байна гэв.
“Нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь энэхүү амин чухал салбарт олигархийн санхүүгийн ашиг ихээхэн төвлөрсөн байгаатай тэмцэх явдал юм. Одоогийн байдлаар баялгийн ихэнх хэсэг нь цөөн тооны хүний гарт байна" гэж Ерөнхий сайд хэлэв.
Эх сурвалж: Bloomberg
Сэтгэгдэл үлдээх