“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал болж байна

Ц.Чимэдцэеэ
2024-05-30

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эхэлж, Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, хохирогч нарын өмгөөлөгч 7, шүүгдэгя нарын өмгөөлөгч 7, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 19 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байна.

“Бэлтэс мөрөн” ХХК нь Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалаар өндөр хүү амлан 13 мянга гаруй иргэнээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан. Ингэхдээ 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

Тус шүүхээс хэргийг 2023 оны зургадугаар сард нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан юм. Прокуророос тус шийдвэрийн эсэргүүцэж, Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу өнгөрөгч оны  арваннэгдүгээр сард анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд хандсан ч эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хяналтын шатны шүүхэд хэлэлцүүлэхээс татгалзсан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe