Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн асан Монполимент ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, ингэхдээ мөнгө угаасан байж болзошгүй, эзэмшиж байгаа лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй зэрэг хэрэгт яллагдагчаар шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулахгүй байх үүднээс Нийслэлийн прокурорын газар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт холбогдох саналыг шүүхэд ирүүлсэн.
Тус саналд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тусгажээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан байна.
Сэтгэгдэл үлдээх