Г.Уянга: Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг

.Graph
2024-06-05

Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянгатай ярилцлаа.

Судалгаагаар Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын бүтцээр одоогоор ажиллах хүчний 40 гаруй хувийг 1980-1999 онд төрсөн залуус бүрдүүлж байна. Цаашид шинэ мянганы залуус ажиллах хүчний том хувийг бүрдүүлэхээр байгаа тул байгууллагууд хүний нөөцийн бодлого, менежментээ өөрчлөх шаардлага үүсэж буйг тэрээр онцоллоо.

Голомт банк бол системийн нөлөө бүхий 5 банкны нэг. 2000-аас дээш ажилтантай томоохон компанийн хувьд хүний нөөцийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?

Манай банк анх 1995 онд үйл ажиллагаагаа 4 ажилтантайгаар эхлүүлж байсан бол өдгөө 2,500 гаруй ажилтан, 100 гаруй салбар, тооцооны төвтэй болтлоо өргөжин тэлжээ. Нийт ажилтны 33 хувийг Z үе, үлдсэн 60 гаруй хувийг Y буюу шинэ мянганыхан бүрдүүлж байгаа бөгөөд банкны цар хүрээ тэлж буйтай холбогдуулан 2023 онд 750 гаруй ажлын байр шинээр зарлаж, ажилд авснаас 30 орчим хувийг шинэ төгсөгч залуус бүрдүүлсэн байна.

"Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгаагаар 10 жилийн дараа л гэхэд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ гэсэн үр дүн гарсан байна лээ. Иймд бид цаг үеэ дагаад залуу үеэ сонсож, тэдний онцлогт тохируулан хүний нөөцийн зөөлөн бодлого баримтлахын зэрэгцээ хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг зорьдог.

undefined

Голомт банк “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон банкны урт хугацааны, тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг зорин ажилладаг. Ажилтнуудаа тасралтгүй суралцаж, хөгжих, ажилтны замналыг сайжруулах, багаар ажиллах, мэдлэгээ хуваалцах, сургалт хөгжлийнхөө эзэн байх бүхий л боломжийг бүрдүүлэн “Ажилтан та – Хөгжлийн голомт” уриатайгаар дотооддоо “Сургалтын академи”-ийг үүсгэн байгуулж, олон улсын судалгаа, сургалтын чиг хандлага, хөтөлбөрт үндэслэн сургалт хөгжлийн олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна сургалтуудаа дижитал хэлбэрт шилжүүлж, цахим сургалтын санг бий болгосон.

Өдөр өдрөөр хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин үед ажилтнууд маань хүссэн газраасаа өөрийгөө хөгжүүлж, мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, ур чадвараа өсгөх, банкандаа карьераа өсгөх бүхий л боломжийг нэн түрүүнд ажилтнууддаа олгодог нь Голомт банкны хамгийн том давуу талуудын нэг юм. Ийнхүү банкны зүгээс ажилтнуудаа хөгжүүлж, дэвшүүлж, бүтээмжийг нь өсгөснөөр байгууллага маань ч урт удаан хугацаанд оршин тогтнож чадна гэдэгт бид итгэдэг.

Хөдөлмөрийн насны хүн амын бүтцээр залуучуудын эзлэх хувь ирэх 10 жилийн хугацаанд 40 хувийг давахаар байна гэлээ. Иймд Голомт банк хүний нөөц талаасаа залуучууд руу хэрхэн анхаарч байна вэ?

Залуу үеийнхний тухайд өөрийн хийж байгаа ажлаараа дамжуулан нийгэмдээ үнэ цэн бүтээх хүсэл эрмэлзэлтэй, тухайн байгууллагын дотоод соёл, байгаль орчин, нийгэмд болоод өөрт нь ямар үнэ цэн өгч байгаад их анхаардаг болсон. Бидний хувьд энэ хүлээлтэд нь нийцсэн байгууллагын дотоод соёлыг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банкны ажилтнууд байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө “G-Volunteers” сайн дурын клубийг байгуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон”, “Хоггүй Монгол хөдөлгөөн” зэрэг олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д хамт олноороо “Голомтын төгөл” хэмээн нэрлэгдсэн гацуур модтой төгөл байгуулснаар жил бүр шинээр мод тарьж, усалж торддог уламжлал бий болсон.

Мөн ажилтнуудаа зуны цагт гэр бүлээрээ цэвэр агаарт гарч, амрах боломжийг “Ойн булаг зуслан” хөтөлбөрөөр дамжуулан олгож, жил бүр тусгайлан тохижуулсан тохилог зуслангийн байшингуудад ээлжлээд амрах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, Голомт банкны спорт явган аяллыг онцолмоор байна. Энэхүү аяллыг 1996 оноос хойш  тасралтгүй зохион байгуулж, 2023 онд “Хагийн хар нуур”-ын явган аялалд 150 гаруй ажилтан маань амжилттай оролцсон. Бид 2024 онд “Асралт хайрхан” руу явган аялал зохион байгуулахаар төлөвлөөд байна.

undefined

“Ажилтнууд бол байгууллагын хамгийн том үнэт баялаг. Тиймээс бид “Эрүүл ажилтан – Хөгжлийн голомт” уриан дор ажилтнуудынхаа сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, дархлаажуулах зэргээр цуврал сургалт, контент, аян хөтөлбөрүүдийг жилийн турш тогтмол зохион байгуулж, банкны эмч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.”

Мөн залуучууд зайнаас буюу орон нутгаас ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой талаар ихээхэн сонирхдог. Иймд бид банкны хэмжээнд ажлын байрны уян хатан цагийн тогтолцоог бий болгож, ажлын 1-2 өдөр нь зайнаас ажиллах, тухайн ажилтан ажилдаа ирэх болон тарах цагаа өөртөө тохируулан сонгох, жирэмсэн ажилтнууд ажлын цагаа богиносгох, жирэмсний амралттай байгаа ээжүүд, оюутнууд цагаар болон зайнаас ажиллах боломж олгох байдлаар хүний нөөцийн зөөлөн бодлого руу шилжээд байна.

Банкны салбар нь бусад салбараас юугаараа ялгардаг вэ? Ажлын байрны эрэлт хэр их байгаа вэ?

2023 оны байдлаар банк, санхүүгийн салбарт нийт 16 мянган хүн ажиллаж байгаагаас 15 хувийг нь Голомт банкны ажилтнууд эзэлж байна. Үүнээс дүгнэхэд банкны систем маань нийт 16 мянган хүнийг ажлын байраар хангах багтаамжтай гэхээр ажлын байрны эрэлт их байгааг харуулж байна.

Банк бол харилцагчийн итгэл дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг маш чухал, хариуцлагатай салбар гэдгээрээ онцлог. Иймд шинэ үеийнхэнд болон ажилтнууддаа зориулж бид дотоод соёл, менежментээ сайжруулаад явахын зэрэгцээ тэдэнд тавих шаардлага ч мөн тодорхой хэмжээнд салбарын онцлогтойгоо уялддаг гэсэн үг. Бид өндөр ур чадвар, хариуцлагатай, ёс зүйтэй байдлаас гадна хамгийн гол нь зөв хандлагатай хүн ажилд авахыг гол шалгуураа болгодог. Мөн зөөлөн ур чадвар, ялангуяа багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй байдлыг анхаардаг бөгөөд тухайн хүн цаашид суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн, банк санхүүгийн салбарт ажиллаж, хувь нэмрээ оруулах зорилго тэмүүлэлтэй байх нь мэдээж чухал.

Тэгвэл шинэ ажилтнуудад ажилтайгаа танилцаж, хамт олондоо дасан зохицоход хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?

Манай шинэ ажилтнуудын 30-40 хувь нь их дээд сургуулиа дөнгөж төгсөгчид, залуучууд байдаг. Аливааг маш хурдан сурдаг, ажил хийх эрмэлзэл дүүрэн байдаг учраас оюутан залуучуудыг бид ажилд авах дуртай. Шинэ гишүүнээ бид бүрэн бэлтгэлтэйгээр халуун, дотноор хүлээн авдаг бөгөөд туршилтын хугацаанд дасан зохицох 3 сарын хөтөлбөрт хамруулдгаараа онцлогтой. Энэ нь тухайн ажилтан манай байгууллагад тохирох хүн мөн үү, тухайн хүнд бас манай байгууллага тохирох уу гэдгийг мэдэх боломж олгож буй хугацаа юм. Энэ хугацаанд нэгжээс томилогдсон “buddy” буюу чиглүүлэх ажилтан тухайн ажлын байранд шаардлагатай дотоодын бүхий л зүйлийг зааж зөвлөдөг.

Түүнчлэн шинэ ажилтнуудаа байгууллагын соёлд нэгтгэх, бэлтгэн чиглүүлэх, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх олон төрлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдгийн нэг нь “New talent” арга хэмжээ юм. Харин шинэ удирдах ажилтнуудаа “Менторшип” хөтөлбөрт хамруулдаг. Шинэ ажилтнууд эсвэл дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн ажилтнуудад ч мөн дасан зохицох хугацаа шаардлагатайг тооцон эдгээр хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд нийт ажилтны маань банкандаа ажиллаж буй дундаж хугацаа нь 6.5 жил байгаа бөгөөд энэ нь сайн үзүүлэлт төдийгүй цаашид ч өсгөх нөхцөлүүдийг банкны зүгээс бүрдүүлэн ажиллаж байна.

Ажилтнуудад энэ нь байгууллагадаа татагдах, үлдэх үнэ цэн бий болжээ гэж харж байна. Тэгвэл Голомт банкны ажилтнууд цалингаас гадна өөр ямар боломжуудыг эдэлдэг вэ?

Бид ажил олгогч байгууллагынхаа тухайд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон. Тиймээс маш олон ажил горилогч Голомт банкийг сонгож, бидэнд ханддаг. Ажилтнуудаа ч мөн карьерын хувьд торон замналаар буюу өөр, өөр чиглэлд өөрийгөө сорих боломжийг маш сайн бүрдүүлсэн. Тухайлбал тухайн ажилтан маркетингийн чиглэлээр ажилладаг бол хүний нөөцөөр ажиллах, дараа нь борлуулалт зэргээр өөрийгөө сорьж, байгууллага дотроо салбар, чиглэлээ солиод ажиллах бүрэн боломжтой байдаг.

“Цалин хөлсний хувьд бид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ажилтны чадамжид суурилан жил бүр нэмэх бодлого барьдаг төдийгүй  хөдөлмөр, амжилтыг нь үнэлж, хагас жил тутамд урамшуулал олгодог.”

Үүнээс гадна тасралтгүй суралцах соёлын талаар өмнө дурдсанчлан олон улсын жишиг бүхий “Global growth institute”-ийн албан ёсны Монгол дахь төлөөлөгч “Гүрүн” академитай хамтран “Дэлхийн түвшний менежер” манлайллын сургалтууд, мэргэжлийн болон ерөнхий ур чадваруудыг хөгжүүлэх 400 гаруй онлайн контентоос сонгон суралцах боломжтой. Бид ажилтнуудаа олон улсын хурал, арга хэмжээнд хамруулж, мэргэжлийн чиглэл чиглэлээр нь мэргэшсэн зэрэг авах боломжийг ч мөн олгодог.

Түүнчлэн банк ажилтнуудынхаа хүүхдүүд болон жирэмсний амралтаа авсан ээжүүддээ зориулж, тусгай сургалт хөтөлбөр, аав ээжийнх нь ажилтай нь танилцуулах өдөрлөг зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Энэ бол манай ажилтнуудын хамгийн дуртай арга хэмжээнүүдийн нэг. Ажилтнууд маань төрсөн өдрөөрөө цалинтай амрах, 14 хүртэлх насны хүүхдийнхээ төрсөн өдрөөр 2 цагийн цалинтай чөлөө авах гэх мэт дурдвал олон боломж бий.

Олон жил ажиллаж байгаа ажилтнуудаа хэрхэн анхаардаг вэ?

Хүн тухайн байгууллагадаа 2-3 жил болоод ирэхээр ажилдаа мэргэшиж, үр өгөөжөө өгдөг. Бид олон жил ажилласан ажилтнууддаа 5, 10, 15, 20, 25 дахь жилд нь үнэнч, тууштай ажилтны бэлэг өгч, талархал илэрхийлдэг. Мөн ажилтнуудаа өдөр бүр эрч хүчтэй, урам зоригтой ажиллахад нь анхаарч, тухтай бүсэд орохоос нь сэргийлж, ярилцлагын эхэнд дурдсан сургалтын хөтөлбөрүүд, сэлгээний бодлогыг баримталдаг.

Ялангуяа удирдах ажилтнуудын хувьд 4 жилийн хугацаатайгаар банкныхаа өөр, өөр нэгжид сэлгэн ажиллаж, ур чадвараа сорьж, хөгжих боломжоор хангадаг. Мэдээж 2,500 гаруй хүний карьер төлөвлөлтийг нэг бүрчлэн хийх боломжгүй, карьерын хувьд хүн бүрийн зорилго өөр өөр байдаг учраас бид хөрвөх боломжийг нь нээлттэй бий болгож, мерит зарчмаар албан тушаалаа ахиулах, дэвших, шилжих боломжийг олгодог гэсэн үг.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлийг танд нээлттэй үлдээе.

Голомт банкны тухайд дэлхийн 94 оронд салбартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great Place To Work Institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2022 онд авсан нь Монголдоо 5 дахь, банк санхүүгийн салбартаа анхдагч байгууллага болж байсан. Харин 2023 онд энэхүү амжилтаа бататгаж, хоёр дахь жилдээ уг батламжийг гардан аваад байна. Энэ нь бидний баримталж буй ажилтан төвтэй хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Та бүхнийг эрч хүчтэй, мэргэшсэн, шинэ залуу үетэй нэг баг болж, Голомтын гэр бүлд нэгдэхийг урьж байна. Ер нь ажлаа сонгохтой холбоотой хамгийн зөв шийдвэр нь тухайн ажил, ажилтан, ажил олгогч байгууллага гэсэн гурван талын төгс нийцэл гэж би боддог. Тэгэхээр та өөрийгөө энэ байгууллагад, тухайн ажилд тохирно гэж үзэж байгаа бол эргэлзэлгүй бидэнд хандаарай. Голомт банкны үүд хаалга үргэлж нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe