Хэдэн сая сонгогчдын саналын хуудас, зургаан долоо хоног үргэлжилсэн санал хураалт, хэдэн тэрбум доллар зарцуулсан Энэтхэгийн сонгууль дууслаа. Сонгуульд өнгөрсөн 10 жилийн турш төр барьсан Ерөнхий сайд Нарендра Моди ялж, засаглалаа үргэлжлүүлэх нь тодорхой болжээ.
Түүний толгойлдог Бахаряата Жаната нам парламентад ялалт байгуулбал Хиндү-Үндсэрхэг үзэл баримтлалыг нь улам бэхжүүлж, томоохон эрх мэдлийг түүнд олгоно гэсэн хүлээлттэй байсан. Гэвч сөрөг хүчний талаас төсөөлөөгүй олон суудал авснаар хүлээлтэд хүрсэнгүй. Сонгуулийн үеэр тус улсын нийт нутгаар хэт халж, хүмүүс өвдөж, амиа алдаж байсан тул сонгуульд нийт 642 сая иргэн саналаа өгчээ.
Энэтхэгийн Ази дахь стратегийн байр суурь болон эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс шалтгаалж энэхүү сонгуулийн үр дүн Орос, Хятад, АНУ-ын анхаарлыг татах нь ойлгомжтой.
Моди 2014 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш тус улсын хүн амын 80 хувь нь шүтдэг олон бурхант үзлийг Хиндү-Үндсэрхэг үзэлтэй хольсон нь, мөн олон тооны халамжийн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд энэтхэгийн ард түмний дунд асар их нэр хүндийг олж авсан.
Модигийн удирдлаган дор 1,4 тэрбум хүн амтай тус улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засагтай улс болж, технологи, сансар огторгуйн салбарт ахиц дэвшил гарган орчин үеийн хүчирхэг гүрэн болсон ч ядуурал, залуучуудын ажилгүйдэл газар авч, ялангуяа хөдөө орон нутагт энэ нь асуудал болж, баялгийн ялгаа улам бүр нэмэгдсээр байгаа юм. Шүүмжлэгчид хэлэхдээ Модигийн засаглалын арван жилд Энэтхэг шашны туйлшралд хүрж, исламофоби нь тус улсын 200 сая гаруй мусульманчуудыг гадуурхаж, олон жил үргэлжилж буй шашны зөрчилдөөнийг нэмэгдүүлж, улс оронд шашны хүчирхийлэл газар авч байгааг дурдсан байна.
Тэдний хүчтэй сөрөг хүчин болох Энэтхэгийн үндэсний конгресс нам нь их Британийн колониос Энэтхэгийг гаргахад чухал хувь нэмэр оруулсан ч Модид хоёр ч удаа ялагдаад байсан. Тус нам нь тэгш оролцоог хангах, ардчиллыг хамгаалах тал дээр хүчтэй тэмцэхээ илэрхийлдэг. Сүүлийн жилүүдэд томоохон авлигын хэргүүд, хоорондын зөрчилдөөний улмаас Модигийн нэр хүндийг давж чадахгүй байсан ч энэ удаагийн сонгуульд Модигийн эсрэг сөрөг хүчин болж сонгогдож чаджээ.
Хэдийгээр энэ жилийн сонгуулийн санал өмнөх жилүүдийнхээс бага байгаа ч Энэтхэгийн сонгууль нь орчин үеийн хамгийн том ардчилсан сонгууль хэвээр байгаа юм.
Нарендра Модигийн Монгол Улстай холбоотой зүйлс
Нарендра Моди нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар 2015 онд Монгол Улсад айлчилж байжээ. Тэрээр Энэтхэгээс Монгол Улсад айлчилсан хамгийн анхны Ерөнхий сайд болж байсан юм. Мөн Модигийн Засгийн газар манай улсад бүтээн байгуулагдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг санхүүжүүлдэг. Уг үйлдвэр баригдсанаар манай улс шатахуунаа дотоодоосоо 100% хангах боломж бүрдэх бөгөөд 2026 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Түүнчлэн Моди нь 2019 онд Энэтхэгт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Гималайн уулан дахь Кедарнатх сүмд зочилж, тэндээс 1.5 км зайд байрлах агуйд бясалгал хийн, залбирал үйлдэхдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бэлэглэсэн саарал дээлийг өмсөж байв.
Сэтгэгдэл үлдээх