Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Ц.Чимэдцэеэ
2024-06-24

НОК хуралдаж, 29-ний бямба гарагийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан 17 арга хэмжээ авдаг.

Үүнээс дурдахад

  • засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
  • соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;
  • харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;

Мөн үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварыг ажлыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгав.

Түүнчлэн цахилгаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн ундны усны хангамж тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe