ЦЕГ: Хоёр эмэгтэйг хөнөөсөн этгээдийг баривчлан шалгаж байна

Ц.Чимэдцэеэ
2024-06-24

Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Иргэн Д хоёр эмэгтэйг хөнөөсөн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх дуудлага энэ сарын 21-ний 19.10 цагт ирсэн. Дуудлагын дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах алба, ШШЕГ, ХУД, СБД-ийн цагдаагийн газар, мөн дүүргийн прокурорын газар хамтран мөрдөн шалгажээ.

Улмаар 20 настай эрэгтэй Д нь СБД-т энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй "З"-г, ХУД-т мөн сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй "С"-ийг хөнөөсөн болох нь тогтоогдсон.

Нийслэлийн прокурорын газраас Д-д холбогдуулан энэ сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг хэргийг бүрэн нотлохоор ажиллаж байна.

Нас барсан хүмүүс ухуулагчаар ажиллаж байсан эсэхийг мэдээлэх боломжгүй

Цагдаагийн байгууллагад Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нарсан барсан тухай мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгаж байгаа. Харин амь хохирогч нарыг ухуулагч байсан эсэхийг Цагдаагийн байгууллагаас мэдээлэх боломжгүй. 

Сануулахад, УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын ухуулагч, шадар туслахаар ажиллаж байсан хоёр иргэн нас барсан талаар мэдээлэл цацагдаад буй.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe